Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сард тогтоол гаргаж, тавдугаар сарын 1-н хүртэл зохион байгуулах хурдан морины уралдаанд хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон байдаг.

Тодруулбал, өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон билээ. Гэвч энэхүү хууль тогтоомж хэрэгжихгүй байна. 

Тухайлбал он гарахын өмнөхөн Сүхбаатарт аймагт 12 настай хүүхэд морь хөлслөх үеэр мориноосоо дагзаараа унаж амь насаа амь насаа алдсан билээ. Харамсалтай нь энэ явдлаас хойш ч хүүхэд мориноос унаж бэртэх явдал гарсаар байна. Энэ талаар ГССҮТ-ийн хэвлэлийн ажилтан М.Хонгорзулаас тодруулахад,

"2019 он гарснаас хойш 52 хүүхэд мориноос унаж гэмтсэн. Эдгээрээс 2 нь хурдны морь буюу Төв аймгийн Борнуур сумын сунгаанаас унаж гэмтэн эмчлүүлсэн. Яг одоогоор манай эмнэлэгт 7 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийн хамгийн бага нь 7 настай, хамгийн том нь 14 настай. 14 настай настай хүүхдийн хувьд хонины мориноосоо унаж толгойдоо бэртэл авсан. 7 настай хүүхдийн хувьд Хэнтийн аймгийнх. Мориноос буухдаа газар мөргөж ухаан алдахдаа духны яс, гавал тархины 2 яс цуурсан" гэлээ.

Энэ тааар 7 настай хүүгийн ээж Эрдэнэбаясгалангаас тодруулахад,

 "Цэлмэгзаяа хүү маань моринд дуртай. Амралтаараа ирэхэд нь морь унуулж байгаад ийм хүнд гэмтэл авчихлаа. Хэдийгээр хагалгаанд орохгүй ч хүнд гэмтэл авсан. Өмнө нь хэд хэдэн удаа морь унаж наадамд орж байсан юм. Аймгийн наадмаар мориноосоо унаж бэртээд гараа хугалж байсан. Хүүгээ гэмтээсэндээ маш их харамсаж байна" гэлээ.

Мөн ГССҮТ-д эмчлүүлж байнаа 10 настай хүү Амгаланбаатар Хөвсгөл аймгийнх ажээ.  Багаасаа морины ажил хийж ирсэн бөгөөд сүүлийн нэг жил уяачийндаа амьдарчээ. Хүү морь хөлслөх үеэр биш морио услах үеэрээ моринд өшиглүүлж хамраа цөмлүүлж, толгойдоо 13 оёо тавиулжээ.