ВАШИНГТОН. /Forbes/. АНУ-ын алдарт жүжигчин, кино найруулагч, буяны үйлстэн Морган Фриман зөгий үржүүлэгч болжээ. Өдгөө 81 настай тэрбээр Миссиссипи муж улс дахь 50 га эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийдсэн байна.


2014 оноос зөгий үржүүлгийг сонирхож эхэлсэн М.Фриман Жимми Фаллоны “The Tonight Show” нэвтрүүлэгт орох үеэрээ шинэ сонирхлынхоо талаар ярьж байсан бөгөөд зэрлэг зөгийг үржүүлж, хамгаалах нь байгаль орчинд ихээхэн хувь нэмрээ оруулдаг болохыг онцолж байжээ. 


М.Фриман Арканзас муж улсаас Миссиссипи муж улс дахь эдлэн газартаа 26 зөгийн сүрэг авчирч, тэднийг элсэн чихэр, усаар хооллож, зөгийн ээлтэй замбага, лаванда, хошоонгор зэрэг цэцгийг тарихаар ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тэрбээр зөгийнөөс хамгаалах хувцас, малгай зэргийг огт өмсөж байгаагүй хэдий ч зөгийнд нэг ч удаа хатгуулж үзээгүй гэнэ. Зөгийн бал хураах эсвэл зөгийн сүргүүдийг салгах бодол түүнд байхгүй бөгөөд тэднийг зүгээр л хооллодог ажээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг