УЛААНБААТАР. /China Daily/. Хятадын эмч нарын баг Монголын зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг оношлох дөрвөн өдрийн арга хэмжээг мягмар гарагт эхлүүлсэн бөгөөд яаралтай эмчилгээ шаардлагатай 100 хүүхдийг Хятадад үнэгүй эмчилнэ.

Энэхүү арга хэмжээ нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс /CRCF/ гадаадын орнуудад явуулж буй хүмүүнлэгийн тусламжийн нэгэн хэсэг юм.  

“Монголын талын хүсэлтийн дагуу хүмүүнлэгийн тусламжийнхаа хоёр дахь үе шатыг эхлүүлээд байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдийг сонгож, Хөх хотод үнэгүй мэс засалд оруулахаар төлөвлөж байна” гэж Улаан загалмайн нийгэмлэгийн төслийн менежер Лю Жинжин “Xinhua” агентлагт мэдээлжээ. 

Хүмүүнлэгийн тусламжийн эхний үе шатыг 2017-2018 онд явуулах үеэр Монголын 0-14 настай, төрөлхийн зүрхний өвчтэй 100 хүүхдийг Бээжин, Хөх хотод мэс засалд оруулсан юм. “2017 оны байдлаар Монголд 2000 гаруй хүүхэд зүрхний төрөлхийн гажигтай хэмээн оношлогдсон” гэж Монголын Улаан загалмай нийгэмлэг мэдээлсэн байна. 

Говь-Алтай аймгаас эхнэр, зургаан сартай хүүгийнхээ хамт ирсэн П.Түмэндэмбэрэл хэлэхдээ, Хятадад үнэгүй мэс засалд орох хүүхдүүдийн тоонд хүүгээ багтана хэмээн найдаж байна гэжээ. Хүүг төрөлхийн зүрхний гажигтай болохыг гурван сарын өмнө тогтоожээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг