Академич С.Чулууныг  оюуны хулгай хийж, судлаачийн ёс зүйг уландаа гишгэн академич хэмээх цол зэргийг авсан хэмээн үзэж буй Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд төрийн гурван өндөрлөгт мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ШУА, Оюуны өмчийн газар, ЦЕГ-т хандаж шаардлага хүргүүллээ.

Шаардлагад ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, академич Сампилдондовын Чулуунтай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн байна.

Тухайлбал, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчих, судлаачдын академик эрх чөлөөг боомилж, бусдын амь насанд заналхийлсэн, энэ онд ШУА-ийн жинхэнэ гишүүнд нэр дэвшихдээ гадна дотны эрдэмтдийн оюуны бүтээлийн зохиогчдын нэрийг дурдаагүй зэргээр оюуны өмч, зохиогчийн эрх, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэжээ. Мөн “академич” хэргэмийг хууран мэхэлж авсан байж болзошгүй талаарх хөдлөшгүй баримтуудыг дэлгэсэн байна.

Иймээс С.Чулууны гаргасан эдгээр үйлдлийг холбогдох дүрэм, журмын хүрээнд яаралтай хэлэлцэн хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэхийг шаарджээ.