Өнөөдөр Монгол хөгжмийн урлагийн суут туурвигч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.  Энэ бол Монголын төр Монголын сонгодог хөгжмийн оройн дээд, хөгжмийн урлагт үнэлж баршгүй их хувь нэмрийг нь үнэлсэн үйл явдал байв.

Эрхэм уран бүтээлчдийн сэтгэгдлээс хүргэе

Хөдөлмөрийн баатар Б.Шарав:


"Өнөөдөр том баярын өдөр тохиож байна. Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний үр шим нь энэ шагнал юм. Гэхдээ энэ ганцхан миний гавьяа биш юм. Надтай цуг хамтарч ажилласан уран бүтээлчдийн минь ч бас шагнал юм. Дээрээс нь Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, түүнийг түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай. Хамгийн сүүлд "Бяцхан вальс" гэж бүтээл туурвилаа." гэв.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров:

Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад ач холбогдолтой үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатар гэдгийг гардууллаа. Бид төрийнхөө энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал бол тодорхой хувь хүний овог нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж цэгнэж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч бөгөөд бас түмэн олондоо бүтээлээ хүрэх байхын уриалан дуудлага юм. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараараа бахархан өнгөрөөх цаг ирлээ. Энэ цаг үед Монголчууд бид нар бие биеэ маш сайн ойлгож, ухаарч энэ сайхан орноо тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой.

Миний хувьд Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр шагнал авах тухайгаа сонсоод би хүүдээ “Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд суусан энэ төрд төлөх өр дуусаагүй л юм байна" гэж хэлж байлаа.  Бид зөвхөн төрд биш энэ оронд маш их өртэй шүү.  Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай” хэмээв.