Ази тивийн хамгийн том тулааны холбоо "ONE CHAMPIONSHIP"-ийн дэвжээнд Ж.Нарантунгалаг гавъяатын гаргасан жимээр дараагийн Монгол тулаанчид эх орныхоо нэрийг мандуулахаар Сингапурт хүрэлцэн очоод байна.

Энэ удаа "ONE WARRIOR SERIES"-т тулалдахаар манай хоёр тулаанч сонгогдсон бөгөөд тэдний тулаан өнөөдөр буюу 7 дугаар сарын 19-ний үдэш болох юм.

Эхлээд манай тулаанч Золжаргалын Шинэчагтаг Японы Акури Рондатай хүч үзнэ. Акури Ронда 1989 онд төрсөн 170 см өндөртэй 65 кг жинтэй бөгөөд ММА-д нийт 6 тулаан хийхдээ 5-1 ялсан амжилттай аж. 

Тэгвэл Золжаргалын Шинэчагтаг нь ММА-д 6-1 амжилттай бөгөөд тэрээр 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон “MGL Fight Night” тулааны аварга. Мөн “Мастер тулаанч” холимог тулааны шоуны 65 кг жинд ялагч болсон амжилттай.

Энэ үдэш тулалдах манай дараагийн тулаанч Энхтайваны Даваабаяр одоогоор ММА-д 3-1 амжилттай бөгөөд тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатар хотод зохиогдсон “MGL-1 Fight Night 2” тулаанд Б.Энх-Оргилтой тулалдаж шүүгчдийн саналаар ялагдсан юм.

Тэрээр өнөөдөр Америк гаралтай Тайландын "Pattaya" дэвжээний нэр дээр тулалддаг Жошуа “Deadshot” Хардвиктэй тулалдана. Жошуа Хардвик нь одоогоор ММА-д 3-1 нэг амжилттай бөгөөд хамгийн сүүлд өнгөрөгч 3 дугаар сард "ONE WARRIOR SERIES"-т тулалдаж ялалт байгуулаад байгаа..

Эдгээр тулаануудыг өнөөдрийн 16:00 цагаас SPS Тулаан сувгаар хүлээн авч үзээрэй.


Эх сурвалж: SPS