БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээн 3 хоног үргэлжилж өчигдөр дүнгээ танилцууллаа. Тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдсөн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцов. Тэмцээний эцсийн дүнгээр Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулан мөнгөн шагналаа авч тэргүүн байр эзэллээ. 

Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Өсвөр насны ангилал:
1- р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо
2-р байр : Их Мастер М.Уянга - 6115 оноо
3-р байр : Б.Лхагвадорж - 5165 оноо

Насанд хүрэгчид:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
3-р байр : ОУИМ LiYang - 7069 оноо

Нийлбэр дүнгээр:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
3-р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо

Тэмцээний үеэр "Хурдны Хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Тэмцээний төгсгөлд шилдэг 12 тамирчин гурван багт хуваагдаж телевизийн том шоу нэвтрүүлэгт орж тархины гайхамшгийг харуулж өрсөлдсөн бөгөөд BBC, CCTV зэрэг олон телевиз сурвалжилжээ. 

Ингээд Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 2008 оноос хойш өнөөг хүртэл олон улсын 49 дэх тэмцээндээ амжилттай оролцон 789 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож шагналын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа, тэдний гэр бүлийнхэнд нь мөн академийн хамт олон багш нартаа, 2 тамирчны маань зардлыг ивээн тэтгэсэн УБТЗ-ын хамт олон болон биднийг үргэлж дэмжиж байдаг Монголчууддаа талархсанаа илэрхийлье!

Дашрамд дурдахад маргааш Рубик шооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор академийн багш Э.Эрдэнэмандах Тайван улсыг мөн Оросын Россия 1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцохоор миний бие ихэр шавь Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хамт ОХУ-ыг зорино.

Эх сурвалж: Монголын оюун ухааны академи