Энэ онд тохиох Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жил, хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй МУ-ын сансрын нисгэгчийн баг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын сансрын технологийн холбоо, “Васт” пост продакшн хамтран Монгол хүн сансарт ниссэн түүхт үйл явдал, сансрын технологийн хөгжил, түүний ашиглалт хэрэглээ, сансар судлал, сансрын зах зээл зэрэг сэдвээр баримтад кино, подкаст, богино видео нэвтрүүлэг бүтээж, олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. 

Тэдгээрийн эхлэл “Тэмүүлэл” подкаст сонсогч, үзэгчдэд хүрч эхэллээ. Нэвтрүүлгүүдийг бүтээж буй “Смарт медиа дизайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин: ярихдаа 

“Монгол хүн сансарт ниссэн үйл явдал Монголын түүхэн үйл хэрэг. Чухам яаж сансарт нисэв гэдгийг өнөөгийн залуус тийм ч сайн мэдэхгүй. Мөн дэлхий нийт өнөөдөр сансрын орон зайг том зах зээл гэж харж, өрсөлдөцгөөж байна. Тэр хэрээр сансрын технологийн хэрэглээ алхам тутамд нэвтэрч, түүнгүйгээр амьдрах боломж нөхцөл улам ч хумигдаж байгаа. Тиймээс ч бид эдгээрийг сонирхуулж, таниулж, бас мэтгэлцээн өрнүүлж, сансарт тэмүүлэх сэдэл үүсгэхийн тулд сэтгэл зүрхээрээ энэ ажилд түүчээлэн оролцож байна. Энэ бол бидний үүрэг” гэлээ. 

Тэд цахим хэрэгслээр хүрэх “Сансрын юм яръя” богино дүрстэй нэвтрүүлгээ хүүхэд, залууст ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ.  

Тухайн үед 10 000 монгол эрчүүдээс сүүлийн шатанд Ж.Гүррагчаа, М.Ганзориг, Д.Сүрэнхорлоо,С.Сайнцог нар тэнцэж ЗХУ-ыг зорьж байжээ. Хамгийн гол үзүүлэлт эрүүл мэнд байсан тухай сансрын нисгэгчдийн багын эмчээр ажиллаж байсан Монгол Улын төрийн шагналт, хүний гавьяат эмч Л.Лхагваа ярьж байлаа. Монголын сансрын нисгэгчдийн багын сонирхолтой ярилцлагыг “Васт” студи тун удахгүй хүргэх юм байна.