Берлин дэх Монголын мэдээлэл худалдааг дэмжих Европын төв байгуулагдлаа.

Уг төвийг байгуулах талаар Монгол Улсын Засгийн газрын 2018-2022 онд хэрэгжүүлэх Экспортыг дэмжих хөтөлбөрт тодорхой тусгасан. Энэхүү хөтөлбөрөөр Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих юм.

Монголын байгалийн түүхий эдээс гаралтай органик бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд борлуулах зорилготой уг төвийн танилцуулах уулзалт МҮХАҮТ-д боллоо. Уулзалтыг “MITPC” ХХК-ийн төлөөлөгч Б.Агни хийж, Европын холбооны Худалдааг дэмжих "ТРАМ" төсөл, МҮХАҮТ-ын дэргэдэх кластеруудын зөвлөл, “Мэри энд Марта” ХХК, IDA Studios, Lhamour зэрэг нийт 20 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

"Берлин дэх Монголын мэдээлэл худалдааг дэмжих Европын төв"-ийг байгуулснаар тус төв нь Монгол Улс болон Европын холбооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг холбох гүүр болж Монголын байгалийн түүхий эдээс гаралтай, өндөр чанартай, өрсөлдөх чадвартай органик бараа бүтээгдэхүүнийг хямд өртгөөр Герман улсын болон Европын холбооны зах зээлд гарах гарцыг бий болгох юм.

Тухайлбал, арьс шир, чацаргана, эсгий эдлэл, ноос ноолуур, модон эдлэл, цай, ургамал, жимсний чанамал болон бусад сайн чанарын, байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг нэн тэргүүнд экспортлох боломж нээгдэх юм.