Будабештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 жингийн ангиллаас Япон улс долоон алтан медаль авсан. Ийнхүү тэд өнгөрсөн 20 жилд болсон жүдогийн тэмцээнээс 19 жилд нь медалийн байраар тэргүүллээ. Японоос өөр орны бөх алтан медаль авах хүртэл тэмцээн эхэлснээс хойш гурван өдөр болсон юм.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Японы бөх Бразилын бөхийг 6-0 харицаатай ялахыг хараад “Бид 2020 оны Токиогийн Зуны олимпийг, ялангуяа жүдогийн тэмцээнийг үзэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Дашрамд дурдахад, Япон бол жүдо үүсч хөгжсөн эх орон нь билээ. 

Монголын жүдочид Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын дэмжлэгтэйгээр мандан бадарч байна хэмээн CNN агентлаг онцлов. Тус улсын тамирчин Найдангийн Түвшинбаяр тайзан дээр Дэвид Моура, Тедди Ринер болон Рафаэль Сильва нартай мөр зэрэгцэн зогссон юм.

Ердөө гурван сая хүн амтай, өвлийн улиралд хүйтний хэм -40-өөс дээш гардаг Монгол Улс бол жүдогийн тамирчинд тийм ч таатай газар биш. Гэвч энэ тэргүүтэй шалтгаан тус улсын тамирчдыг зургаан медаль хүртэж, Япон, Франц улсын араас жагсахад саад болоогүй юм.

Н.Түвшинбаяр 2008 онд Олимпын наадмаас анхны алтан медалийг эх орондоо аваачсанаас хойш монгол жүдочид амжилт гаргасаар буй. Тухайлбал, хөнгөн жингийн тамирчин Доржсүрэнгийн Сумъя Японы №1 тамирчин Цукаса Йошидаг давсан юм.

Тулааны урлагийн од асан, Монголын Жүдогийн холбооны тэргүүн ноён Х.Баттулга “Жүдо манай оронд маш чухал спорт” хэмээсэн удаатай.