Монголын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудлаар салбарын мэргэжилтнүүд ШУА дээр хэлэлцүүлэг хийсэн билээ.  Энэ удаа Монголын хүн ам, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар салбарынхан санал бодлоо солилцсон юм.

Үндсэн илтгэлийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, анагаах ухааны доктор Л.Насанцэнгэл “Донтох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ” сэдвээр тавилаа. Тэрбээр СЭМҮТ-ийн судалгаагаар мансуурах бодист донтсон хүний тоо 2016 онд 80 орчим байсан бол 2017 онд 160 болсон гэсэн юм. Хамгийн сэтгэл эмзэглүүлэм тоо бол донтох эмгэг жилээс жилд залуужсан. Тэр дундаа архи хар тамхинд донтох нь ихэссэн гэв. Өнгөрсөн онд 239 хүн мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг үзлэгт орсон бөгөөд 18-35 насныхан зонхилсон гэдгийг дурьдлаа. Мөн манай улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг бол 13.6 хувь нь архинд донтох эмгэгтэй гэсэн судалгааны дүнг ч дурьдав.

Энэ удаагийн хурлаар зөвхөн сэтгэл эмзэглүүлэм тоо яриад өнгөрсөнгүй нийгмийн шүдний өвчин болчихоод улам бүр нэмэгдэж буй уг асуудлыг багасгахыг тулд хийх зарим ажлууд дээр санал нэгдлээ. Тухалбал өсвөр насныханд эрүүл мэндийн хичээлээр дамжуудан стрессээ хэрхэн зөв тайлахыг  мөн компьютер тоглох, архи тамхи, мансуурах бодис хэрэглэх нь хэрхэн сэтгэцийн эмгэгт хүргэдгийг ойлгуулах сургалт оруулах цаашид ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах саналыг дэвшүүлэх дээр санал нэгдэв.


Стрессээ тайлах хамгийн энгийн арга бол нэгэнтэйгээ ярилцах

/АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн багш, Анагаах ухааны доктор Т.Ганцэцэг/

ЮНИСЕФ-ээс жил болгон улс орнуудын эрүүл мэндийн мэдээлэл дээр дүн шинжилгээ гаргадаг.  Энэ судалгаагаар манай улс хоёр жилийн өмнө 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарч байлаа. Гэтэл 2017 оны судалгаагаар энэ тоо нэмэгдчихлаа. Манай улсын гурван хүн тутмын нэг сэтгэцийн ямар нэгэн асуудалтай гэсэн тоо баримт гараад байна. Энэ бол аюултай тоо баримт. Нийгмийн энэ асуудалд анхаарах цаг нь болчихсоныг эдгээр тоо харуулж байгаа юм. Гэхдээ энэ ойлгуулж хэлэх зүйл бол сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн болгон сэтгэцийн өвчтэй гэсэн үг биш. Харин  стресстэй, түүнийгээ тайлж чадахгүй байгаа хүмүүс юм. Энэ асуудал нь хүндэрвэл гэмт хэргийн тоонд нөлөөх чухал хүчин зүйл болчихоод байна. Монголчуудын хувьд стрессээ тайлах дээр иргэдийн боловсрол харьцангуй тааруу. Тийм учраас архи тамхи цаашлаад хар тамхи хэрэглэж уур бухимдлаа тайлдаг нь буруу аргыг сонгодог. Уг нь стрессээ тайлах хамгийн энгийн арга бол нэгэнтэйгээ ярилцах шүү дээ.


Интернэт тоглоомын донтолт, фэйсбүүк хамаарал эрс ихэсчихлээ

/АШУҮИС-ийн багш, Анагаахын сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн дэргэдэх “Сэтгэцийн эрүүл мэнд судлаач оюутан клуб”-ын удирдагч Р.Энхтүвшин/

АНУ, Голланд, Швед зэрэг хөгжлөөрөө тэргүүлдэг оронд хүүхэд мэндлэнгүүт тухайн гэр бүл нэг сэтгэл зүйч, нэг хуульчтай болдог. Гэтэл манайд энэ асуудал орхигдоод байна. Тэр дундаа архи, тамхи, дэлгэц, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг донтолтын эмгэг, интернэт тоглоомын донтолт, фэйсбүүк хамаарал эрс ихэсчихлээ. Энэ төрлийн донтолттой болчихсон хүүхэд өөрийгөө илэрхийлж чаддаггүй, уур бухимдалаа буруу аргаар тайлдаг дадалтай болчихдог. Үүнээс гадна 

хүүхдүүдийн дунд амиа егүүтгэх хандлага ч нэмэгдэж байна. Гэтэл уг асуудал нь жижиг ч тэд гарцаа олохгүй байсаар буруу замыг сонгодог. Хэрэв бүх цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудад сэтгэл зүйч нар орон тоогоор ажиллуулдаг, тусдаа өрөөтэй болчихвол энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ. Олон улсын стандартанд 50 буюу түүнээс дээш ажилтантай байгууллага заавал сэтгэл зүйч ажиллана гээд заачихсан байдаг. Манайхан үүнийг дөнгөж ойлгож эхэлж байгаа. 


Өсвөр насанд хүний зан үйлийн 60-70 хувь нь суучихсан байдаг

/СЭМҮТ-ийн  дэд захирал докторант В.Баярмаа/

Бид 11 аймаг, хотын таван дүүрэг нийтдээ 2250 хүүхэд 2250 эцэг эх 72 багшийг хамруулсан томоохон судалгаа хийлээ. Судалгааны дүнгээр өсвөр насныхны 60 хувь сэтгэл хөдлөл зан үйлийн хувьд хэвийн, 18 хувь нь зааг үе дээрээ, 12,8 хувийн нь хэвийн бус, 8.9 хувь нь эмгэгтэй байна. Энэ бол дэлхий дахины дунджаас давчихсан тоо. Үүнээс харахад хүүхэдтэй өсвөр насанд нь биш түүнээс бага байхад нь тулж ажиллах нь чухал гэдэг нь харагдаж байна. Хүүхдийн сэтгэл зүйг төлөвшүүлж байгаа гол зүйл нь эцэг эх, гэр бүл. Энэ орчин л зөв байж хүүхэд эерэг зан үйлтэй хүн болно. Өсвөр насанд хүний зан үйлийн 60-70 хувь нь суучихдаг учраас засч залруулахад хэдийнэ оройтсон байдаг.