“Сократус Студио” ХХК гарааны бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрт “ШИМТ” бүтээлч боловсролын төв хамрагдаж 250 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Ийнхүү “Сократус Стартап Студио”-гийн портфолио компани нэгээр нэмэгдэж нийт 8 гарааны компанийг энэ онд хөтөлбөртөө хамруулаад байна. 

Тус гэрээний хүрээнд тогтвортой өсөлттэй бизнесийн системийг бий болгох зорилготой “Socratus bizStep-Up” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “ШИМТ+ сургалтын хөтөлбөр”-ийг агуулга, арга зүйн хувьд төгөлдөржүүлж орон даяар нэвтрүүлэх эхлэл тавигдаж байгаа юм.

“ШИМТ” бүтээлч боловсролын төвийн хувьд 21 дүгээр зууны иргэдийн зайлшгүй эзэмших шаардлагатай ур чадварыг олгох сургалтын хөтөлбөрийг Монгол хүүхдийн сэтгэлгээнд тохирсон агуулга, арга зүйгээр боловсруулан хөгжүүлж байна. ШИМТ гэдэг нь Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи гэсэн үгний товчлол юм. Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд санаа тавьж сургалтын арга зүй, боловсролын чиг хандлагыг судалж байх явцдаа тус төвийг байгуулах санал сэдлээ олсныг багийн гишүүд онцолж байлаа. 

Монголын боловсролын системд дутагдаж буй агуулга, чанарын хоосон орон зайг нөхөж, боловсролын тэгш бус байдлыг арилгаж илүү сайхан ирээдүйг бүтээхэд уг төслийн зорилго оршиж байна.

ШИМТ Мэдлэгээр ШИНЭ Монголын Ирээдүйг тэтгэнэ. 


ШИМТ+ Бүтээлч боловсролын төвд хөрөнгө оруулалт хийж байгаа маань Монголын боловсролын салбарт оруулж буй бидний үнэ цэнтэй хувь нэмэр гэж үзэж байна. ШИМТ боловсрол төвийн сургалтын хөтөлбөр уялдаатай сэдэв, агуулгыг тогтсон алгоритмын дагуу боловсруулж байгаа болон хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, сэтгэлгээний эмх цэгцийг бий болгодог нь бидний хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллах шалтгааны нэг байсан гэдгийг Сократус Студио ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Гүнд Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй онцолж байлаа. 

 

“ШИМТ” Бүтээлч боловсролын төвийн гүйцэтгэх захирал, Физикийн ухааны доктор PhD Ц.Хос-Очиртой цөөн хором ярилцлаа. 

-Төслөө амжилттай хэрэгжүүлэх гарааны хөрөнгө оруулалт авч буйд баяр хүргэе. Хэрхэн Сократус Студио ХХК-тай холбогдсон вэ?

-Би бизнесийн хүн биш ээ. ШИМТ Боловсрол ХХК байгуулаад, Сургалтын төв нээгээд хөтөлбөр боловсруулах, түүнийгээ хамтран ажиллах сургууль, цэцэрлэг гээд боловсролын байгууллагуудад танилцуулж, сурталчлах, төв дээрээ сургалт зохион байгуулаад явчихна гэж хялбараар бодсон маань эндүүрэл байсныг олж мэдсэн. /Инээв/ Компани байгуулж тогтворжуулан гэдэг бол миний төсөөллөөс давсан зүйл байсан. Тэгээд компаниа хэрхэн амжилтанд хүргэх вэ гэж шийдэл эрэлхийлж эхлэсэн дээ. Жилийн өмнө “TУС солюшн" ХХК-ийн захирал, Залуу Судлаачдыг Дэмжих Сангийн тэргүүн Д.Жаргалсайханы лекцэнд сууснаар энэ талаарх анхны ойлголтоо авсан. Эндээс баг хамт олон гэдэг зөвхөн хэдэн хүмүүсийн нэгдэл, итгэл дээр л суурилсан зүйл биш юм, хэрвээ цаашид амжилттай урагшлая л гэвэл чухам юу чадахгүй байна вэ, асуудлыг үүсгэж байгаа шалтгааныг нарийн тодорхойлон компанийн үйл ажиллагааг удирдах нягт уялдаатай шийдлүүдийг бий болгох ёстой гэдгийг хатуу ойлгосон доо. Иймээс зорилгоо хэрэгжүүлж чаддаг бизнесийн системийг бий болгохын тулд гарааны бизнесийг бойжуулах “Сократус Студио” ХХК-д  хандаж, сонгон шалгаруултад тэнцсэн. Бидний мөрөөдөл, зорилгод нэгдэж байгаа Сократус Студио ХХК, Гүнд Инвестмент ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.  


- Та бүхний боловсруулсан ШИМТ+ хэмээх сургалтын арга барилын давуу тал нь юу вэ?

-ШИМТ+ сургалтын хөтөлбөр нь хүүхэд ямар ч мэргэжил сонгосон амьдралын туршид хэрэглэгдэх чадвар дадал хандлагыг суулгадаг.

Гол давуу тал нь хүүхэд үйлдэн суралцдагт байгаа юм. Хүн аливааг өөрийн гараар хийж, туршиж суралцснаар тухайн зүйлийг 80-90 хувьтай ойлгож хүлээн авдаг байна. Нэг жишээ дурьдахад өнгөрсөн намар нэгэн сургуулийн 8-р ангийн сурагчдад физикийн “Механик” гэсэн сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгуулсан. Тухайн хүүхдүүд 1 улирал тус сэдвийг судалсан байсан л даа. 

Гэхдээ тэд цаад мөн чанар хэрэглээ талаас нь сайтар танин мэдээгүй байсан. Сургалтын дараа физик гэдэг чинь ийм амархан юм байсан юм уу, бүтэн нэг улирал ойлгоогүй явсан байна шүү гээд баярлаад, хичээлдээ дурлаад явцгаасан. Бидний боловсруулсан хөтөлбөр өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 3 сургуулийн сургалтын хөтөлбөрт шингэж, тус сургуулийн сурагчид ШИМТ хөтөлбөрөөр хичээллэж байна.  

-Хөтөлбөрөө хэрхэн сайжруулж байна вэ?

-Цаашид нэмэлт баг бүрдүүлж хөтөлбөрөө илүү хөгжүүлнэ, мөн агуулгыг нэмэгдүүлж боловсруулна. STEAM буюу ШИМТ+ хөтөлбөрийн үндэсний хувилбарыг боловсруулахад  Монголын шилдэг багш нар, туршлагатай эрдэмтдийн баг бүрдүүлэн ажиллаж байна. Үүний ард олон ач холбогдол бий. Жишээ нь физикийн онолыг бага насны хүүхдэд шууд тайлбарлавал ойлгохгүй. Иймээс л яг л тухайн хүүхдийн нас, сэтгэлгээнд нь тохирсон хэл яриа ашиглаж заах ёстой. Үр дүнд нь хүүхдэд илүү ойлгомжтойгоор, зугаатай байдлаар шинжлэх ухаан, инженерчлэлийн мэдлэг, түүний гоё сайхныг ойлгуулах явцдаа шинэ зууны иргэдэд зайлшгүй хэрэгтэй багаар ажиллах, бүтээлч иновацилаг байдал, шүүн тунгаах сэтгэлгээ, харилцааны чадвар гэх мэт ур чадварыг суулгадаг. Бид ирэх хавраас боловсролын инновацийн хаб байгуулах зорилго тавьсан байгаа. 


-Сүүлийн үед STEAM-ийн талаар нэлээн ярьдаг болжээ. Үүний гол шалтгаан нь юу вэ?

-Анх STEAM гэдэг нь (Science, Technology, Engineering, Art, Math)  Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Арт гэсэн үгийн товчлол гээд тайлбарладаг байлаа. Харин одоо бол нэг бүрчлэн тайлбарлах шаардлагагүй болсон байна. STEAM эсвэл ШИМТ гэхэд л ойлгодог болоод зогсохгүй эцэг эх, багш нар, сургуулиудын хувьд яригддаг сэдвийн нэг болсонд баярладаг. ШИМТ хөтөлбөрийн гол онцлог нь хүүхдийг өөрөө янз бүрийн туршилт эрэл хайгуул хийж, оролдож, асуултын хариуг цөхрөлтгүй хайдаг хүн болгон төлөвшүүлдэг. 

Хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын 30 хувь, ЕБС-ийн 30 хувь энэхүү боловсролын арга барил руу аль хэдийнээ шилжчихээд байна. Бидэнд энэ хөтөлбөрөө ШИМТ брэнд болгон Монголын хүүхэд багачуудад танилцуулах чухал ажил үлдээд байна. 

Та бүхний эхлүүлсэн боловсролын салбар дахь агуулга, чанарын дутагдлыг нөхөх, ирээдүйн иргэдийг бэлтгэх зорилгод амжилт хүсье. 

Баярлалаа.