Монголын Банкны Холбооны дүрмийн дагуу ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байдаг бөгөөд дахин 1 жилийн хугацаагаар сонгож болдог. Уг журмын дагуу Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ононгийн Орхон нь 2015-2017 онд МБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан билээ.

О.Орхон ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан ерөнхийлөгчийн сонгууль зохион байгууллаа. Энэ удаа олонхийн саналаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Өлзийбаярын Ганзориг МБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

Ө.Ганзориг нь бизнесийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Голомт банкны Гүйцэтгэх захирал, Мандал Даатгалын ТУЗ-н дарга, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч, UMC группын ТУЗ-н дарга зэрэг ажил хийж байна. Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр давхар сонгогдож ажиллаж ирсэн. Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг UMC групп, Мандал даатгал зэрэг байгууллагуудыг үүсгэн байгуулсан. Өмнө нь Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Хасбанк зэрэг байгууллагуудад хариуцлагатай алба хашиж байсан юм.