Олон улсын олимпын хорооноос "Токио-2020" олимпын наадмыг угтан, олимпын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг ОУОХ-нд илгээн шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт Монголын 17 тамирчин хамрагдаж байна.

Өчигдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган тус хөтөлбөрт хамрагдсан тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан тэтгэлгийг гардуулж, амжилт хүсэв.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь ОУОХ, МҮОХ, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэж байгаа юм. Тодруулбал, тамирчид сард 250, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд зориулж 26 ам.доллар, мөн эм витаминжуулалтад 38 ам.долларын дэмжлэг үзүүлж байна.

"Токио - 2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид:

Жүдо - Д.Сумьяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү

Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа

Бокс - Б.Чинзориг, М.Намуун

Чөлөөт бөх - С.Цэрэнчимэд, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг

Таэквондо - П.Тэмүүжин

Хөнгөн атлетик - Д.Гантулга

Байт харваа - Ж.Гантөгс