Долоо дахь жилдээ болох гэж буй “Coal Mongolia”  чуулга уулзалт ирэх сарын 6-9-ний өдрүүдэд болох гэж байна. Өнөө жилийн хувьд өмнөх шиг нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийг их хэмжээгээр нэмэгдүүлэхээс гадна худалдааг онцолно гэж тус чуулганыг санаачлагч, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар онцлов. Манай улсын нүүрс экспортын баримжаатай уурхайнуудын олборлолтын хүчин чадал  нийлээд 60 сая тоннд хүрсэн ч боломжийнхоо хэмжээнд нүүрсээ худалдах чадахгүй байгаа. 

Түрүү жил 95 жилийн рекордоо эвдэж  25.6 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жилийн эхний хагаст 19.5 сая тонн нүүрс экспортолсон. Оны сүүлээр 45 сая тоннд хүрнэ гэсэн таамаг биелвэл Хятадад нүүрс нийлүүлдэг улсуудаас нэгд бичигдэж, нүүрсний гол тоглогчоор нэрлэгдэх боломж бий. Хэрвээ тэгж чадвал  “Coal Mongolia”  Зүүн Азийнхны анхаарлыг татсан олон улсын том чуулган болж хувирна гэж зохион байгуулагчид нь хэлж байна. 

Дэлхийд танигдсан “Финвэй энержи”-ийг хамтрагчаараа сонгожээ

Урд хөршийн хойд Солонгосоос нүүрс авахгүй гэсэн хориг Монгол нүүрсийг моодонд оруулаад эхэлчихсэн учраас 45 сая тонныг экспортлох асуудал биш гэдгийг чуулганыг санаачлагчид олоод харчихаж.  Энэ жилийн “Coal Mongolia”  олборлосныхоо хэрээр худалддаг болъё гэж зорьсон нь зочин илтгэгчдээс нь тодорхой харагдаж байна. Урд хөрш манай нүүрсийг худалдан авдаг зах зээл. Худалдан авагчтайгаа ойр ажиллахаар шийдсэн гэдгийг  чуулганыг хамтран зохион байгуулагчаар “Финвэй энержи”-г сонгосноор харж болно. 

“Финвэй энержи”-гийн хувьд нүүрсний үнэ, эрэлт нийлүүлэлт, ирээдүйн чиг хандлагын талаар хамгийн бодитой судалгаа, үнэ цэнтэй мэдээлэл тавигддаг, 30 гаруй мянган харилцагчтай Хятадын номер нэг вэб сайтыг ажиллуулдаг. Хятадад эрчим хүчний болон коксжих нүүрсний зах зээл, үйлдвэрлэлийн чиглэлээр сонирхолтой хурлууд зохион байгуулдгаараа нүүрсний зах зээлд танигдчихсан компани. “Coal Mongolia”-д ирэх Хятад болон Зүүн Азийн орнуудаас ирэх оролцогчдыг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Хэрэгтэй зочид

Хоёр улсын нүүрсний ассоциацууд ирэх дөрвөн жилийн турш “Coal Mongolia”-г дэмжиж ажиллахаар болжээ. Хуралд оролцох 250 зочны ихэнх нь гаднаас ирэх юм байна. Өнөөхөндөө нүүрсээ угааж, үнэтэй зарж буй ганц компани бий. “Энержи ресурс”-ээс гадна таван ч компани нүүрс угаах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ээ бэлэн болгожээ. Зарим нь хөрөнгө оруулалтуудаа татаад үйлдвэрлэлийн барилга байгууламжаа барих ажлаа эхлүүлж. Эдгээр компаниудад технологи нийлүүлэх компаниуд Хятадаас ирж байгаа юм байна.

Чих сортойлгох илтгэлүүд

“Coal Mongolia”-гийн үеэр тавигдах илтгэлүүд дунд нүүрсний салбарынхны чихийг сортойлгох сэдвүүд олон байна.  “Финвэй энержи”-гийн  дэд ерөнхийлөгч Сара гэхэд л “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнэ өрсөлдөөн” гэсэн сэдвээр илтгэл тавина. Коксжих нүүрсний зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг Сарагийн илтгэлээс сонсох боломжтой.

Хятадын хамгийн том коксжих нүүрсний үйлдвэрлэгч, манай гол өрсөлдөгч  “Shanxi coking coal”-ийн төлөөлөл Монголын нүүрсний зах зээлийг яаж харж байгаагаа илтгэнэ. “Shanxi coking coal”-тай хамтран ажиллах боломж ч байгаа аж.  “Shanxi coking coal”-ийн дунд чанарын нүүрстэй Таван толгойн сайн чанарын нүүрсийг хольж өөр брэндийн бүтээгдэхүүн хийж гурав дахь зах зээлд гаргах боломж бий юм билээ. “Shanxi coking coal”-ийн илтгэгч энэ талаар ч ажил хэрэгч, бодитой гарцууд ярихаар бэлджээ. 

Хятад, Индонези, Австрали, Канад, Америкт салбар оффистой дэлхийд гэж яригддаг консалтингийн компани  “S&P Global plats”-ийг төлөөлж “Coal Mongolia”-д ирэх Эдвин Ёогийн илтгэл Монгол гэлтгүй гадны оролцогчдын анхаарлын төвд байна. “S&P Global plats”-ийн судалгаа мэдээллийг олон улсын нэр хүнд бүхий банкууд болон Засгийн газрууд авч таамаглалдаа ашигладаг юм. Эдвин Ёо Монголын коксжих нүүрсний чанар, Хятадын зах зээлд эзлэх байр суурь, боломжийн талаарх судалгааг танилцуулна.

Анхаарал татсан нэг илтгэлийг Хятадын “Нүүрс” ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Нүүрсний холбооных нь захирал тавина. Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв ирээдүйд ямар байх, урд хөршийн одоо хэрэгжүүлж буй бодлого Монголын эдийн засагт яаж нөлөөлөх, Хятадын нүүрсний салбар хаашаа явах гэж байгааталаар дэлгэрэнгүй ярих юм байна. 

Хятадын Ганц модны өргөтгөл, шинэчлэл, худалдааны эргэлтийнх нь боломжийг онцлох Луй Вей-гийн илтгэл ч оролцогчдын чихээ сортойлгох хэрэгтэй мэдээллээр дүүрэн байх нь. Ганц модны боомт дээр нүүрс түгжирч байна, дөрвөн гарцаар нүүрс нийлүүлэхэд нэг гарцаар гаргаад байна гэх мэт яриа хөөрөө дэгдэж буй энэ үед Ганцмодны боомтыг мэддэг хүн нь нүүрсний татвар хураамж, төлбөрүүдээс эхлээд цаашид яахаа ярина гэдэг бидний хувьд хэрэгтэй илтгэл. 

Манай талаас  “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тэргүүтэй илтгэгчдийн илтгэл урд хөршийн бизнесмэнүүдийн хувьд хэрэгтэй мэдээллээр дүүрэн байх нь ойлгомжтой. 

Зам тээврийнхөгжлийн  дэд сайд Б.Цогтгэрэл тээвэр ложистикийн шийдлийг оновчтой болгох, Япон, Энэтхэгийн зах зээлийн боломжуудыг хөндөнө. 

Чуулга уулзалтын хамгийн сүүлийн хэсэгт Эрчим хүчний яамны цагтай. Салбарын сайд П.Ганхүү эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын асуудлууд, хэрэгжүүлэх томоохон төслүүдээ энэ үеэр танилцуулахаар төлөвлөжээ. 

“Coal Mongolia”-д  нүүрсний салбарын бүх л асуудлыг хамарсан 30 орчим илтгэл тавигдана. 

Хурлын бэлтгэл одоогоор  95 хувьтай байна.