Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гэрээт нэр бүхий 58 эмийн санд хяналт, шалгалт хийлээ. Шалгалтын үеэр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй жороор олгогддог зайлшгүй шаардлагатай 812 нэр төрлийн эмнээс харшлын ба анафилаксын эсрэг, уналт таталтын эсрэг, салга өвчнийг эмчлэх, зүрхний бах эмчлэх бэлдмэл, бамбай булчирхайн даавар ба түүний эсрэг, нүдний чинэрээ эмчлэх, гуурсан хоолойн багтрааг эмчлэх зэрэг нарийн мэргэжлийн эмчийн жороор ихэвчлэн олгодог 36 нэр төрлийн эм бэлдмэлүүдийн хангалт нөөцийг үзэж шалгалаа.

Шалгалтад хамрагдсан дээрх эмийн сангуудаас Нобо-1, Нобо-2, Астрафарм Жамьяанмядаг, Торгон туул Хунчир, Торгонтуул зэрэг гэрээт эмийн сангуудын хангалт нь 36 нэр төрлийн эмийн нөөц 20-иос дээш нэрийн буюу 55.5-86.1 хувь байлаа. Эдгээр эмийн сангууд нь нийт шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 8,6 хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн хангамж, нөөц хангалтгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмыг хэрэгжүүлээгүй, эмийн сангийн стандартын шаардлага, даатгалын гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллаагүй Нуган, Мөнхжил, Хос төмөр зам “Төмөр зам”, Энто-1, Энто-2, Энто-3, Буйлан нуур, Нахиа нисэх, Нахиа фарм, Цаа-Од, Ач фарм-24 цаг, МИЭК фарммаркет-7, “Хаппифарм Улиастай”, Монголфарм Шар хад, Идэр зэрэг 15 эмийн санд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллаж байна.