Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын 15 иргэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 12-ны даваа гаргаас эхлэн ажлын долоон өдөр хэлэлцсэний эцэст 23.00 цагийн үед шийтгэх тогтоолоо танилцууллаа. 

НПГ-аас Лью Тинхуа, Жун Хуа, Еэ Тин, Жан Хунчан, Вула, Ли Жиaсэнг, Ниу Жихэнг, Ю Жи, Жау Донлинг Пан Жин, Лю Жунвэй, Ян Гуй, Бай Жунлиан, Ли Янг, Лю Чианг гэсэн 15 хүнийг Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм. 

ЭЦА, тагнуулын байгууллагын ажилтнууд хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан билээ.

Энэ олон тооны хятад иргэн “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн өнгөрсөн оны ес болон аравдугаар сараас хойш сууж байсан бөгөөд дээрх нэр дурдсан 15 хүн тэднийг зохион байгуулан манай улсад оруулж ирээд гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. 

Энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь ч батлагдсан. 

Улмаар цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан утасны олон дугаараараа хуурамч хаяг нээн, “МТ4” хэмээх өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа. 

Олон хоног үргэлжилсэн эл хэргийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр үүрэн холбооны “Скайтел”, “Жи-Мобайл”, “Скаймедиа” компанийн хуулийн зөвлөхүүд оролцсон юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис, НПГ-ын хяналтын прокурор Э.Бадрал, Х.Еркебулан, Ц.Гансүлд, шүүгдэгч 15 хүн, тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас өмнөд хөршийн иргэдийг залилах, мөнгө угаах, гэмт бүлэглэл байгуулах хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Дээр нэр дурдсан гурван шүүгч хятадуудын гэм буруутай, эсэхийг дүгнэхийн тулд дөрвөн цаг гаруй зөвлөлдөж, дүгнэлтээ танилцуулсан юм. 

Улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурлаа үргэлжлүүлэн хийж, шүүгдэгч Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болов. Харин бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр тогтоол гаргалаа. Мөн дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсууд зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Г.Равжаа