Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Чехийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс  дээжлэн толилуулaa.

Энэ үдэш сонгодог хөгжим сонирхогч сонсогчдод Чехийн хэмээн дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд данслагдсан хөгжмийн зохиолч Антонин Леополд Дворжак, Жозеф Сук, Emil Viklicky нарын дан хөгжмийн бүтээлүүдийг сонордуулсан юм.  

Тоглолтын салхийг хөгжмийн зохиолч Антон Дворжакийн Karneval overture бүтээлээр хагалж үзэгчдэд эрч хүч, хүсэл тэмүүлэл мэдрүүлэв. Цоглог эрч хүчтэй аялгуу хэмнэлээрээ ордны амьдрал, багт наадам, зугаа цэнгэл, баяр баясгалантай бөгөөд ихэмсэг тансаг байдлыг өөрийн эрхгүй санагдуулсан. Уг бүтээлийг хөгжимчин төдийгүй удирдаачаас нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг, чансааг нь сорьдог бүтээлийн нэг гэдгийг урлаг судлаачид онцолдог. 

Үүний дараа Антон Дворжакийг алдарт хүргэсэн, түүний нэрийн хуудас нь болсон бүтээлийн нэг "Славони бүжиг" эгшиглэв.  Бүтээлийн эзэн, хөгжмийн зохиолчийн түүхийг сөхөхөд тэрбээр Чехийн Нелахозев тосгонд дэн буудлын эзэн мөн хөгжимд дурлагч Францис Дворжакийн гэр бүлд мэндэлжээ.

Даруухнаар уран бүтээлээ хийж явсан тэрбээр алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Иохоннас Брамстай танилцсанаар амьдралд нь өөр нэгэн хуудас нээгдсэн гэдэг. Тэрбээр Антон Дворжакийн өмнөөс "Симрок" пүүстэй гэрээ байгуулж, гэрээ ёсоор "Славони бүжиг" нэртэй 16 хэсэгтэй хөгжмийн ажлаа бичсэн тэр даруйдаа амжилт олсон түүхтэй. 

Чехийн хөгжмийн зохиолчдын бас нэгэн оргилуудын нэг, Чехийн орчин үеийн хөгжмийн үндэслэгч гэгддэг хөгжмийн зохиолч Жозеф Сукыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Энэ үдэш түүний "Fantastic scherzo"-г толилуулсан юм. Тэрбээр  Антон Дворжакийн шавь нь, хүргэн нь ч байсан гэдэг. Тийм ч учраас арга барил нь уран бүтээлд нь хүчтэй нөлөөлж байсныг урлаг судлаачид онцолжээ. 

Ийнхүү урлагийн амьдралаар замнасан намтар, түүх, судалгааг дурьдаж үзэгчдийн хөгжмийн боловсролд хөг нэмсэн хүн бол энэ үдшийн зочин хөтлөгч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг байв. Урлаг судлаач, Монголын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч тайлбарлагч хэмээн олонд танигдсан тэрбээр тоглолтын турш ийнхүү тухайн бүтээл бүр дээр тайлбар хийж, хөгжмийн зохиолчийн амьдрал уран бүтээлийн хэсгээс ярьж сонирхуулан үзэгчдийг улам бүр хөтөлж оюуны алжаалаа тайлах боломжийг бүрдүүлсэн.

Хоёр цаг шахам үргэлжилсэн тоглолтын удирдаачаар Симфони найрал хөгжмийн удирдаач Б.Батбаатар ажилласан юм. Миний хувьд дан хөгжмийн бүтээлээр концерт үзэж байсан ч анх удаагаа мэргэжлийн тайлбартай үзэгч уран бүтээлч хоёрыг холбосон сонирхолтой тоглолт гэвэл яах аргагүй энэ тоглолт, "Чехийн хөгжмийн сонгодог үдэш" байлаа. Тоглолтынх нь сайхныг мэдрүүлэх олон зүйлтэй, урлагийн боловсролд ач холбогдол өгөн зохион байгуулсан Улсын филомонийн хамт олонд гүнээ талархан мэхийе.