Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн амралтын өдөр Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажилтай танилцлаа. 

"Бусад гүүрийн байгууламжийг дам нуруу тавьдаг бол манайх шууд газар дээр нь цутгаж хийж буйгаараа онцлогтой. Даацын хувьд Монгол Улсад хэрэглэгдэж буй бүх төрлийн машин механизм бүрэн зорчих боломжтой. Бид энэ гүүрэндээ 100 жилийн баталгаа өгч чадна” хэмээн ажлыг гүйцэтгэж буй “Бээжин Юни констракшн групп” ХХК-ийн зүгээс хэлж байв.

“Энэ гүүрийн дам нурууг шууд газар дээр нь цутгаж хийж байна. Монголд анх удаа ийм гүүр баригдаж байгаа. Налайхын замтай холбогдоно. Гүүрийн ажил төлөвлөгөөт хугацааны дагуу 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх наймдугаар сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ярилаа.