Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, Улаанбаатар хотын ЗАА, МХЕГ, Хүнсчдийн холбоо хамтран 2018 оны хоёрдугаар сараас эхлэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон "Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой уг арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах замаар иргэдийн давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа" гэдгийг хэллээ.


Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн  эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг "Монгол хүний давсны дундаж хэрэглээ хоногт 11 грамм байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их үзүүлэлт. Хүн хоногт 5 граммаас ихгүй давс хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндээ хамгаалж байгаа хэрэг юм. Хэрэв зохист хэмжээнээс хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлж байна. Давс их хэрэглэх нь хеликобактери үүсэх таатай орчин болдог.

Судалгаагаар үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс хүн хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүний агууламжаас, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол, цайндаа хийж, хэрэглэдэг учраас “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг зохион байгуулахаар болсон" хэмээн ярилаа.



Эх сурвалж: ХХААХҮЯам