Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Нэгдүгээр сарын 9-нөөс эхлээд өнөөдрийг хүртэл 901 хүнийг ажиглалтад аваад байна. Энэ дотроос эмнэлзүйн шинж илэрсэн 262 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Улсын хэмжээнд 515 хүн 12 бэлтгэгдсэн байранд ажиглалтад орсон. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй. 

Өнөөдөр өглөө манай улсад ажилладаг Франц улсын иргэнийг тусгаарласан. Тухайн хүнд халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул түүний ажиллаж амьдарч буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарласан. Энэхүү сум аймгаасаа 100 гаруй км орчим зайтай байдаг.

Мөн АНУ-д болсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд оролцоод ирсэн Remax компанийн төлөөлөл 24 иргэн бий Гэтэл хуралд уригдан оролцсон Канад улсын иргэн коронавирустай болох нь тогтоогдчихоод байна. Одоогоор тус хуралд оролцсон Монголын 24 иргэний 16 нь эх орондоо ирсэн. Тэднийг тусгаарлаж, ажиглалтад авсан байна. Үлдсэн 8 иргэнийг ирсэн даруйд тусгаарлана. Иймээс энэхүү эгзэгтэй цаг үед гадаад орнууд руу аялахгүй байхыг зөвлөе.