Эрүүл мэндийн яамны захиалгаар Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг  2016-2017 онуудад нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 94 сумын бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд,  өрхийн хүн амыг хамруулан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн бүрэн дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв хийж гүйцэтгэн, үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Судалгаагаар Монгол Улсын тав хүртэлх насны хүүхэд, 6-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрөх насны эмэгтэйчүүд, 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал, өрхийн хүнсний баталгаат байдал, өрхийн ус болон ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдлыг хот, хөдөө, эдийн засгийн дөрвөн бүс, Улаанбаатархот, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан үзүүлсэн нь цаашид хүн амын суурьшил, бүс нутгийн онцлогт тохирсон, нотолгоонд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай мэдээлэл болохоор байна.

Уг судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн тураал 2013 онтой харьцуулахад 1.6 хувиас 0.7 хувь болж, өсөлтийн хоцрол 10.8 хувиас 5.9 хувь болж буурсан байна. Мөн хүүхэд эрүүл, эсэн мэнд амьдрахуйн гол нөхцөл болсон 6 сар хүртлээ зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн эзлэх хувь 2013 онд 47 хувь байсан бол 2018 оны судалгаагаар 58.3 хувь болж өссөн байна. Энэ мэт эерэг үзүүлэлтийн зэрэгцээ 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.7 хувь, төрөх насны эмэгтэйчүүдийн 45.9 хувь илүүдэл жин, таргалалттай байгаа нь ХБӨ-р өвчлөх эрсдлийг үүсгэж байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 11.7 хувь, 6-11 насанд энэ үзүүлэлт 22.2 хувьтай байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр байна.

Монгол Улсын 10 хүн тутмын 9 нь жимс, ногоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс бага, харин давсыг зөвлөмж хэмжээнээс хоёр дахин хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 26.6, эхчүүдийн 16.1, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувийг тус тус цус багадалттай, 6-59 сартай хүүхдийн 27.7, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь төмөр дуталтай байгаа нь анхаарал хандуулах асуудал юм.

ДЭМБ-ын шинжээчид ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад  чиглэсэн интервенц дотроос давсны хэрэглээг багасгахад зориулсан нэг төгрөгний хөрөнгө оруулалт ирэх 15 жилийн хугацаанд 16.9 төгрөгийн өгөөж өгөх боломжтой гэсэн тооцоо гаргасан  байдаг.