Монголбанк 2018 оны 5 дугаар сард 1,661 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,845 кг алт авч байснаас 184 кг-аар бага байна. 

2018 оны эхний 5 сарын байдлаар нийт 4.95 тонн алт худалдан аваад байгаа юм.Өнгөрсөн сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642.85  /1 грамм/ төгрөг байлаа.

Харин яг өнөөдрийн байдлаар Монголбанкны алтны зарласан ханш 100 мянга 463 төгрөг байна. 

"АЛТ-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ сарын эхнээс эхлэн 5 сарын хугацаатай “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлсэн юм. Энэхүү аяны зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад оршино.

Монголбанкинд алт тушаахад бүрдүүлэх материал:

Байгууллага

  • 1. Лицензийн хуулбар (нэг удаа)
  • 2. ААНБ-ын гэрчилгээний хуулбар (нэг удаа)
  • 3. ААНБ-ын танилцуулга (нэг удаа)
  • 4. Сорьцын бичиг

Иргэн

  • 1. Иргэний үнэмлэх
  • 2. Сорьцын бичиг

Монголбанк нь алтны үнээс АМНАТ 2.5%, цагаан мөнгөний үнээс АМНАТ 5% тус тус суутган өөр ямар нэгэн татвар, хураамж авалгүйгээр тухайн өдөрт нь таны дансанд төлбөрөө шилжүүлэх болно.

Төрц алт худалдах харилцагчдын бүрдүүлэх материал:

  • 1. Төрц алтыг худалдах тухай харилцагчийн гаргасан өргөдөл,
  • 2. Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн,
  • 3. Байгалийн тогтоц буюу төрц хэлбэрээр олдсон алт 400 граммаас дээш жинтэй байх, эсвэл жин харгалзахгүй онцгой сонин хэлбэр дүрстэй байх,
  • 4. Уг төрц алтны гарал үүслийн мэдээллийг тодорхойлох нотлох баримт, материалтай байх