Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал  2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр боллоо. Ээлжит хурлаар улсын гадаад валютын нөөцийн удирдлага, 2018 оны 4 дүгээр сараас мөрдөж эхэлсэн Монголбанкны хуулийн өөрчлөлт ба Хяналтын Зөвлөлийн ажиллах журам, чиглэлийн талаар Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтавын мэдээлэл, Монголбанкны 2017 оны санхүүгийн тайланд Хяналтын зөвлөлөөс өгөх дүгнэлт болон Хөндлөнгийн аудитын  “Прайсуотерхаускуперс ” компанийн Монголбанкны 2016,2017 үйл ажиллагааны талаарх санал, зөвлөмжийн хэрэгжилтийн явцын талаар  ХЗ-ийн гишүүн Л.Дондогийн илтгэлийг тус авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын Зөвлөлийн гишүүд гадаад валютын нөөцийг Монгол Улсын жилийн импортын хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх стратеги зорилт тавьж ажиллах, Хяналтын Зөвлөлийн зүгээс аудит, санхүү, эрсдэлийн албадын бие даасан байдлыг хангах, Монголбанкны Мөнгөний бодлого, Хяналтын Хороо, Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл зэрэг бүтцүүдийн ажлын үр дүнгийн байдалд илүүтэй анхаарал тавьж ажиллах талаар эрх зүйн зохицуулалт хийхийн чухлыг тэмдэглэв. Мөн Хяналтын Зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тал талаасаа илүүтэй хүчин чармайлт гаргахаар болов.   

Монголбанкны санхүүгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй зарим зээл, хүүгийн төлбөрийг багасгах арга хэмжээ авах, цаашдаа Монголбанкны санхүүгийн үр дүнгийн төлөө ямар албан тушаалтан, аль нэгж хариуцлага хүлээж ажиллахыг тодорхой болгох,  олон улсын жишгийн дагуу Төв банк өөрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратегиа боловсруулан мөрдөж ажиллах зөвлөмж гаргахаар тогтлоо.  Мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын зарим хэрэгслийн нийт эдийн засаг болон Монголбанкны өөрийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байгааг дахин нарийвчлан судалж үзэхийг Монголбанкны холбогдох газар хэлтсээс хүслээ.  Хуралдааны үед Хяналтын Зөвлөлиийн гишүүд, Монголбанкны газар хэлтсийн дарга, зарим ажилтнуудын гаргасан санал, тайлбарыг тусган шийдвэр гаргаж Монголбанкны удирдлагад хүргүүлэхээр тогтов.