УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх санал бүхий тус албан бичигт:

"...Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаагаас төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны 3 дугаар сард 2.632.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар суларчээ...

...Энэ хугацаанд бодлогын хүүг дөнгөж нэг хувиар нэмэгдүүлсэн нь цаг хугацаа алдсан төдийгүй Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлснээр иргэдийн амьжиргааны түвшин улам бүр дордож, ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн асар их эрсдэлд орж байгаа нь Монголбанкны Ерөнхийлөгч энэхүү албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна..." гэжээ.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн өргөн барьсан албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.