Капитал банктай холбоотой асуудлаар Монголбанк мэдээлэл хийлээ. 

Монголбанк Капитал банкны үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж Монгол банкны хяналт, шалгалтын газрын дарга Н.Батсайхан хэллээ. 

2015 оны сүүл үеэс тус банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэнжээ. Тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын газар, Хөгжлийн банк зэрэг төрийн байгууллагуудын санхүүгийн нэлээд эх үүсвэрийн өөртөө төвлөрүүлсэн байжээ. Гэвч санхүүгийн доголдлоос үүдэн төлбөрийн чадварын хүндрэлд орж төрийн мөнгийг нэг дор гаргаж өгөх чадваргүй болж эхэлжээ.

Тус банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.5 хувь болсон цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрчээ.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тус банканд олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэн, өөрийн хөрөнгийн дутагдлыг тогтоож, дутагдлыг арилгах хугацааг зааж өгч байв. Ингээд 2018 оны эцэст Капитал банк нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадаагүй учир Монголбанк ийн шийдвэр гаргасан” гэлээ.

Гэхдээ Капитал банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч дангаараа гаргадаггүй.  Эхлээд банкны хяналт шалгалтын хороогоор орж гаргасан шийдвэр гэв.

Тус банк нь төлбөрийн үйл ажиллагаагүй болсон тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй. Капитал банкийг татан буулгаснаар банкны салбарт нөлөөлөхгүй. Мөн сүүлийн үед зээл олгогдоогүй гэдгийг Монголбанкнаас хэллээ. 

Нэгэнт ажил нь явж байсан байгууллага учраас тэнд хөдөлмөрийн  гэрээтэйгээр ажиллаж байсан 250 гаруй ажилтны асуудлыг шийдэх шаардлагатай болсон. Өнөөдөр банкны ажилтнуудыг ажлаас халах мэдэгдэл хүргүүлсэн гэлээ.

Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд 8 хүнийг томилжээ. Үүнд Монголбанк, Сангийн яам, ХЗДХ-ийн яамны төлөөлөгч багтжээ.

Капитал банкны эрх хүлээн авагчийн мэдэгдэл

Капитал банк нь хадгаламж эзэмшигч болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдний анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчийг томилсон.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд ХААН банкаар дамжуулан олгож эхлээд байна.

20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээж авахаар тогтоож байна.

Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, нэхэмжлэгчийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагч нь энэхүү мэдэгдэл гарснаас хойш 60 хоногийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн дараалалд оруулахгүй байх үндэслэл болохыг анхаарна уу.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт:

  1. Шаардах эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрвөл;
  2. Банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл;
  3. Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл;
  4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрсэн.

Нэхэмжлэл хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, Капитал банкны Төв байранд өөрийн биеэр, орон нутгаас өөрийн биеэр, шуудангаар эсхүл Монголбанкны салбар, хэлтсээр дамжуулан гаргаж болно.