Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Prizer” вакцины 25,740 тун, “AstraZeneca” вакцины 163,200-276,000 тунг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаад буй. 

Уг асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй цахимаар хуралдаж, вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцсон.

Энэ үеэр Керри Гиин "AstraZeneca” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж баталмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийнэ. Вакцин нийлүүлэх ажилд бүх талаар хамтран ажиллана" гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр ДЭМБ “AstraZeneca/Oxford” коронавирусийн эсрэг вакцины хоёр хувилбарыг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрч, баталсанаа мэдэгдлээ.

Эдгээр вакциныг БНСУ-ын “AstraZeneca-SKBio” болон БНЭУ-ын “Serum” институт гаргасан байна.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж, ХӨСҮТ-д ажилласан. 

Энэ үеэр Ерөнхий сайд "Вакцинжуулалтыг зохион байгуулахаас өмнө "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г авч, бэлтгэл ажлыг хийж, суурь нөхцөлийг хангаж байна. 

Вакциныг татан авах ажлыг өнөөдрөөс эхлүүлж, 7-10 хоногт зохион байгуулна. Маш нарийн горимоор тээвэрлэж, хадгалдаг учир стандартын дагуу мэргэжлийнхэн сургуулилт хийсэн байна. Мэргэжлийн хяналтын маш нарийн хяналт дор вакциныг авчирна. Улмаар иргэдэд үе шаттай хийнэ.

Нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй зэрэг коронавирусийн халдварт өртвөл хамгийн эрсдэлтэй байх хүмүүс болон эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид зэрэг голомтод ажиллаж бүй хүмүүсийг вакцинд хамруулна.

Ерөнхий сайдын хувьд би хамгийн эхний тунг хийлгэнэ. Ерөнхий сайд хийлгэж буй нь бусад хүнд аюулгүй гэсэн баталгааг өгнө. Тиймээс миний бие хамгийн анхны тунг тариулж, нийт иргэддээ уриална" хэмээсэн юм.