Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш, уран бүтээлчдэд хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох ёслол хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Консерваторийн концертийн бага танхимд өчигдөр боллоо. 

Энэхүү ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож тус сургуулийн сургалтанд зориулан дөрвөн ширхэг Grand Piano буюу рояаль төгөлдөр хуур хөгжим бэлэглэлээ. 

Жилийн өмнө Монгол Улсын Консерваторийн 80 жилийн ойгоор эдгээр төгөлдөр хуурыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч өгнө гэдгээ амалж байсан бол ийнхүү биелүүлжээ. Эдгээр хуурыг худалдан авахад 80 сая төгрөг зарцуулсан юм байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа цаашид ч гэсэн Консерваторийн үйл ажиллагааг дэмжиж, ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр дахин нэг гранд хуур авч өгнө гэдгээ амаллаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Авьяас билэгтнүүдээ дэмжиж байж хөгждөгийг гадаадын олон улс орны жишгээс хардаг. Дэлхий нийт эдийн засаг, бас дахин эдийн засаг гэдэг үзэл баримтлалаас татгалзаж, хүн, хүний ёс зүй, төлөвшил гэдэг том концепц рүү шилжсэн. Үүнийг бий болгож чадах газар бол консерватор. Хүнийг жинхэнэ хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууны төлөвшил, хүмүүжил олгох ёстой хүмүүс бол урлагийн салбарынхан, хөгжмийнхөн та бүхэн юм” гэлээ.

Аливаа консерваторит төгөлдөр хуур хөгжим хамгийн чухалд тооцогддог бөгөөд бүрэн хэмжээний оркестртой хамт тоглох суурийг уг хөгжим дээр тавьдаг байна.