Монгол Улсад сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. 

Түүх сөхвөл, 1960-1961 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн факультетын Т.Пагва эрхлэгчтэй Хэл шинжлэлийн тэнхимийн харьяанд сэтгүүлчийн анги нээж байжээ.

Улмаар 1961-1962 оны хичээлийн жилд Нийгмийн ухаан факультетын дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулж, анхны эрхлэгчээр нь тухай үеийн ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Лувсандашийн Содовыг томилж байв.

Ийнхүү 60 жилийн түүхт МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийнхэн өнөөдөр Эрдэм шинжилгээний хурлаа хийж, Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо. 

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим академик түвшний сургалтаар 1,500 гаруй сэтгүүлчийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэжээ.