Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  Увс аймагт ажиллах үеэрээ тус аймаг дахь Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус төв нь энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж, оюуны олон талт чадвартай иргэдийг бэлтгэн, насан туршийн чанартай боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв нь нэг ээлжиндээ 1216 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогоор 23 төрлийн дугуйлан хичээллэж байна. Тухайлбал, ой тогтоолт, түргэн бодолт, шатар, даам, компьютер, англи, орос хэл, уран зураг, уран баримал, сонгодог бүжиг, монгол бүжиг, цэнгээнт бүжиг, акробат, дуу, төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар, үкүлэлэ хөгжим, аман хуур, бокс, таэквондо зэрэг олон төрлийн сургалтад хамрагдах боломжтой байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус төвийн бүжгийн заал, сэтгэх чадвар, шатар, даам, уран зураг, уран баримал, орос хэл, гитар, морин хуур, дууны зэрэг ангиудаар зочилж, суралцагчдад багшаа хүндэлж, үгийг нь сайн сонсохыг захилаа. Мөн тус төвийн уран зураг, уран баримлын ангийн суралцагчдын бүтээлийг үнэлж, багшийн чадвар, сургалтын чанар сайн байгааг сайшаалаа.

Ерөнхийлөгч Увс аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг нийт 346 ээжид гардууллаа.

2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нийслэлийн есөн дүүрэг, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Увс аймгийн ээжүүд “Эхийн алдар” одонгоо гардан аваад байна.