Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох зарлиг гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм.

Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан бүр анхаарал хандуулж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захиад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцохдоо хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.