УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ.

Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 135 бодлогын арга хэмжээг тусгажээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан нийт 135 арга хэмжээнээс 79 нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 125 нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 27 нь Төрөөс баримтлах бодлоготой, 6 нь бусад бодлогын баримт бичгүүдтэй тус тус уялдсан байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5 бодлого, 20 зорилт, 135 арга хэмжээний хэрэгжилт 2019 оны жилийн эцсийн байдлаар 78 хувьтай гарсан. Макро эдийн засгийн бодлого 80 хувь, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 61 хувь, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 74 хувь, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого 89.3 хувь, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 83.6 хувьтай байна хэмээн танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис хийлээ.

Тэрбээр, Үндсэн чиглэлийн арга хэмжээг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, салбарын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан төлөвлөсөн. Гэвч зарим арга хэмжээг бодитой тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөөгүйгээс хүрэх түвшнийг тодорхой тусгаагүй, хэрэгжих боломжтой хугацааг үндэслэлтэй тооцож төлөвлөөгүй, шалгуур үзүүлэлтийг оновчтой тогтоогоогүй, хэт ерөнхий байдлаар төлөвлөсөн зөрчил жил бүр давтагдсаар байна.

Баталсан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц санхүүжилтийг тооцоо судалгаанд үндэслэн бодитой тооцож, төлөвлөөгүйгээс санхүүжилтийн эх үүсвэргүй болох, дутагдах зэрэг нөхцөл байдал бий болсноос төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжихгүй, дутуу хэрэгжих үр дагавар үүсч буйг аудитын тайланд тодорхой жишээ, баримттайгаар тусгасан болно.

Макро эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн үр дүнд нэгдсэн төсвийн алдагдал буурч, үндсэн үзүүлэлтүүд дээшилсэн боловч эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын зарим арга хэмжээний болон бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын арга хэмжээний хэрэгжилт хангалттай бус байна гэлээ.

Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хэрэгжилт хангалттай бөгөөд Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хэрэгжилт тодорхой үр дүнд хүрчээ хэмээн Үндэсний аудитын газраас дүгнэжээ.

Түүнчлэн тус газрын дүгнэлтэд, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д 135 арга хэмжээг нийт 8,725.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр баталснаас 6,130.5 тэрбум төгрөгийн буюу төлөвлөсөн санхүүжилтийн 70.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Гадаад эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талтай хийх гэрээ, хэлцэл удааширснаас зарим арга хэмжээнүүд хэрэгжээгүй байна.

Улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим арга хэмжээний санхүүжилтийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд батлаагүйгээс зарим арга хэмжээнүүд хэрэгжээгүй, дутуу хэрэгжжээ.

Хэрэгжүүлэгч яам, агентлагууд үндсэн чиглэлийн арга хэмжээг байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, Засгийн Газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан хугацаанд тайлагнаж хэвшсэн боловч зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, хүрсэн түвшнийг бүрэн тайлагнаагүй зөрчил нийтлэг байна.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн  биелэлтийг Сангийн яам 81.4 хувь, ЗГХЭГ 78.0 хувийн хэрэгжилттэй гэж үнэлжээ.

ҮАГ-аас аудитын явцад хэрэгжүүлсэн горим, судалгааны үр дүнгээр “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг 76.9 хувийн хэрэгжилттэй, нийт арга хэмжээний 70 нь 100 хувь, 42 нь 70 хувь, 11 нь 40 хувь, 12 нь хэрэгжээгүй байна гэж үнэллээ хэмээн дурджээ.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн  биелэлтэд хийсэнаудитаар илрүүлсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн УИХ-ын анхааралд 2 асуудал толилуулснаас гадна холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2, Сангийн сайдад 1, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 3,Монголбанкинд 1 зөвлөмжийг тус тус өгсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа талаар, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын явц, өнгөрсөн жилүүдэд баригдсан үйлдвэрүүдийн талаар тодруулж, хариулт авсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.