Ирэх 30 жилийн буюу "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Засгийн газраас өнөөдөр УИХ-д өргөн барив. Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр "Улс орон бүр өөрийн гэсэн урт хугацааны алсын хараатай байдаг. Дэлхийн 20 орчим улсын алсын хараа, манай улстай эдийн засаг, нийгмийн хамааралтай орнуудын урт хугацааны төлөвлөлтийг нягталж үзсэн. Өнгөрсөн найман сарын хугацаанд 1500 орчим эрдэмтэн судлаач хамтарч ажилласан. Цахим хуудаст байршуулснаас хойш 20.000 орчим иргэн бидэнд хандсан. Уг төсөл бүх байнгын хороодоор орно, томоохон хэлэлцүүлгүүд хийнэ. 

Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очиж чадахгүй гэдэг. Монгол Улс хаашаа явах, ирээдүйд эдийн засгийн ямар тэргүүлэх чиглэлтэй байх, боловсрол, эрүүл мэндийн систем яаж өөрчлөгдөх, Улаанбаатар хэрхэн хөгжих, орон сууцны асуудлаа яаж шийдэх зэрэг асуудалд техник, эдийн засгийн үндэслэлийн томоохон эрдэмтэд ажилласан. Мөн НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг хандивлагч байгууллагуудтай хамтарч ажилласан. Өнөөдөр УИХ-ын гишүүдэд тараасан. Олон нийтэд ч нээлттэй болж байна" хэмээн танилцуулав.

Мөн тэрээр "Монгол Улс 2025 оноос цааш ажиллах хүчний дутагдалд орох тооцоо гарсан. Үүнд одоо байгаа боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх талаарх асуудлыг ярьж байна. Тэтгэврийн хуримтлалын сантай болох, И-засаглалтай холбоотой томоохон зорилтууд багтсан. Хамгийн гол зүйл нь монгол хүн. Чинээлэг дундаж давхаргатай холбоотой ойлголтыг бид Дэлхийн банкны аргачлалаар тооцож гаргасан. Өнөөдөр энэ үзүүлэлт манай улсад 16.2 хувьтай байна. Үүнийг 80 хувьд хүргэх том амбицтай зорилго дэвшүүлсэн" гэдгийг онцоллоо.

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг  ЭНД дарж бүрэн эхээр нь үзнэ үү.