Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр нийт 241 хүнд шинжилгээ хийсэн. 238 хүнээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, тандалтын зорилгоор хийсэн 6 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Увс аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүний шинжилгээг хийсэн. Гурваас нь коронавирус илэрлээ. Гэхдээ ирсэн өдөр нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан 3 хүнээс коронавирус илрээгүй. 

Өнөөдөр 6 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Бүгд оюутан бөгөөд 4 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй, 27-29 хоногт эмчлэгдлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 197 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. 95 нь эдгэрсэн. 102 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж буй бөгөөд 91-ийнх нь биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Тэдэн дунд жирэмсэн эмэгтэй 3, элэгний хорт хавдартай нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн байна.