Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Зарим нь сайжирч байна. Тэдний хэд хэд нь уушгины хатгалгаатай учир манай эмч нар онцгой анхаарч, эмчилгээний тактикаа зөв боловсруулан эмчилж байна. 

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторт нийт 76 хүний шинжилгээг хийсэн. Үүнд Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж буй 55 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 4 хүн орж буй бөгөөд бүгдээс коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 17 хүний давтан шинжилгээгээр нэгээс нь коронавирус илэрлээ. Бусад 16-гаас нь илрээгүй. 

Коронавирус илэрсэн хүн нь Москвагаас Улаан-Үдэ хүртэл онгоцоор ирж, Алтанбулаг боомтоор орж ирсэн Москвагийн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Тус сургуульд нь коронавирус гарсан байсан. Тэгэхээр хүмүүсийн явсан зам чиглэл нь чухал гэдгийг энэ тохиолдол баталж байна" хэмээлээ.

Мөн тэрээр иргэд гадуур явахдаа нимгэн бээлийн өмсөж, оройд бээлийгээ угааж, цэвэрлэж байхыг иргэдэд санууллаа.

Сүүлийн тохиолдлоос гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

Улмаар манай улсад коронавирусийн нийт 33 тохиодол бүртгэгдээ. Тэдгээрийн 8 нь эдгэрч, 25 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.