Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр БНСУ-ын Парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юн, нарийн бичгийн дарга И Кён Ху, дэд ерөнхийлөгч Кан Ки Юн, Юн Су Ён нарыг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юны зүгээс Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гээд тус спортын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, тус спорт нь эрүүл мэндэд ач тустайн дээр багийн спорт учраас иргэдийг ойртон нөхөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олгодгийг хэлж байв.

Мөн бүх насны хүмүүс хичээллэх боломжтой, талбай байгуулаад ашиглалтад оруулсан байхад өөр нэмэлт зардал шаардаад байдаггүй гэлээ. Түүнчлэн тус спортыг сонирхон БНСУ-д жилд маш олон жуулчин очдог гээд Монгол Улс ч уг спортыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлбэл жуулчдыг тодорхой хэмжээгээр татах боломжтойг хэлж байв. Уг спорт нь Америк, Хонг Конг, Япон, Хятад гээд олон оронд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Олон услын Парк гольфийн холбоо байгуулагдаад байгаа ч мөн хэлсэн.

Нийслэлийн ИТХ-ын даргын зүгээс тус спортыг Монголд хөгжүүлэхэд талбай байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, бодлын түвшинд хэрхэн дэмжиж ажиллах талаар холбогдох хүмүүстэй ярилцаж, ажил хэрэг болгоход татгалзах зүйлгүй гэлээ. 

Мөн Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, парк гольфийн холбоо байгуулаад байгаа хүмүүсийн зүгээс хэрхэн хөгжүүлэх талаарх санал, төслүүдээ боловсруулаад, үйл ажиллагаагаа төлөвлөөд хандах үед бүх талаар нь дэмжиж ажиллана гэсэн юм.