Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус улсад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов.  

Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байна.

“Хагибис” хар салхины уршгийг арилгахад 2019 оны төсвөөс 710 сая орчим иенийг /6.5 сая ам.доллар/ зориулна гэж тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдээд буй юм.