Зүүн Хойд Азийн Монгол улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн  олон улсын уулзалт  өнөөдөр болж байна.

Уг уулзалтыг нээж  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

Тэрбээр,

"Монгол Улс цахилгаан эрчим хүчийг 1 кв-ыг 6 цент, түүнээс багаар үйлдвэрлэх боломжтой байгаа нь бүс нутгийн зарим хэрэглэгчдийн одоогийн үнэтэй харьцуулахад гурав дахин хямд байна.Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол болон Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг улс, байгууллагууд бүс нутгийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар тус бүрдээ судалгаа тооцоолол хийж, хамтарсан хурал зөвлөгөөнүүд хийсээр ирлээ. Гэвч энэ санаачилга харьцангуй удаашралтай байгаа нь бүс нутгийн улсуудын улс төрийн итгэлцэлтэй холбоотой. Монгол Улсын хувьд хөрш орнууд, бүс нутгийн бусад орнуудтай улс төрийн харилцааны ойлголцлын түвшин өндөр, ямарваа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Монгол Улс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх таатай нөхцөлийг агуулж байна" гэсэн юм.

Монголоос эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн улс орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох зорилготой уг уулзалтад Азийн супер сүлжээтэй орнууудын төлөөлөгч нар хүрэлцэн ирж сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой сүүлийн үеийн судалгаануудын үр дүнг танилцууллаа. 

Судлаачид манай улс улс Хятад, Орос, Солонгос, Япон зэрэг улсад сэргээгдэх эрчим хүч экспортлох боломжтойг аль хэдийнэ тогтоочихсон аж. Газар зүйн байршлын хувьд яг төвд байдаг нь хамгийн том давуу тал болсон хэрэг. Харин эхний ээлжинд дотроо шийдэлд хүрцгээн дэд бүтцээ босгон дараа хоёр хөршийнхөө дэмжлэгийг авч чадвал эрчим хүчээ экспортлох том боломж хүлээж байгаа аж. Ингэснээр эхлээд өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугам ашиглан далай доогуур кабель татан сэргээгдэх эрчим хүч шаардлагатай улс орнуудыг хангах юм. Уг аргыг 1958 онд анх Швед улс хэрэгжүүлсэн байдаг.

Бас нэг нааштай мэдээ нь судалгааны үр дүнд манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судалж нягтлахад өмнөх тооцооллоос хамаагүй өндөр гарсан байна. Монгол улс энэхүү нөөц боломжоо ашигласан Азийн улс орнуудад хамгийн өрсөлдөхүйц хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг экспортлох боломжтой гэсэн нааштай дүгнэлтийг ч дуулгалаа. 

Дэлхий дахинд нүүрсхүчлийн хий ялгаруулдаг дулааны станц, цөмийн цахилгааны станцаас татгалзах хандлагатай болсон энэ үед сэргээгдэх эрчим хүч ашиглах асуудал олон орны анхаарлын төвд байна. Нэгэнт хэрэглэгч улс нь хүсэлтээ өгчихсөн хүлээж байгаа энэ ажил хэрэгжих эсэх нь цаг хугацааны л асуудал болсныг судлаачид энэ өдөр хүлээн зөвшөөрөв. Харин манай талаас сэргээгдэх эрчим хүчээ экспортлох хэмжээнд хэрхэн түргэн аваачих эсэх нь улс төрчдийн шийдвэрээс л шалтгаалах бололтой. Хэрэв амжилттай хэрэгжүүлж чадвар өөрийн улсын эрчим хүчээ хангаж утааны асуудлаа шийдээд зогсохгүй гадныханд ч зарах томоохон боломж хүлээж байна.

Харин яг өнөөдрийн байдлаар Монгол улс нийт эрчим хүчнийхээ 7-8 хувийг л сэргээгдэх эрчим хүчээр авч ашиглаж буй.

Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөөлөгч Ёланда Френандез Ломмен, 

"Зүүн Хойд Азийн бүс нутаг дэлхийн нүүрсхүчлийн хийн 40 хувийг дангаараа ялгаруулдаг нь сэтгэл түгшээсэн асуудал. Харин Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний чадавхийг хөгжүүлснээр бүс нутгийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах боломжтой. Учир нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ялангуяа нар болон салхиын эрчим хүчээр дотоодын эрчим хүчний хэрэглээг хангаад зогсохгүй, бүс нутгийнхаа эрчим хүчний хэрэгцээний 25 хувийг хангах боломжтой. Энэ боломжийг бий болгохын тулд бүс нутаг даяар эрчим хүчний холбоосыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой" гэв.

Эдийн засагч До.Ганболд:

Манай улс гадагшаа эрчим хүчээ экспорлох боломж дүүрэн байна. Боломжоо бодит байдал болгохын тулд станцуудыг барих ёстой биз дээ. Хэрвээ цагийн сайханд, 20 жилийн өмнө цахилгаан станцаа барьчихсан бол 2-3 дахин хямд өртөгөөр хэрэглэх байлаа. Яагаад гэвэл Засгийн газар нь өөрөөсөө шалтгаалах зүйлээ хийдэггүй юм. Дэлхий дахинд нүүрсийг халах талаар ярьж байхад манайхан таг чиг. Монгол улс урт хугацаанд тууштай хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагаа байхгүй учраас харамсалтай ажил шав тавихаас цааш явж чаддаггүй. Сүүлийн 20-30 жилд өчнөөн цахилгаан станцуудын шав л тавьсан. Засаг нь солигдоод, УИХ гишүүд л солигдоод байдаг, нэгдсэн бодлоготой төслүүд урагшилдаггүй. Засаг төрөөс хамаарсан бүх ажил өнөөдөр гацаж байна. Тийм учраас улс төрийн томоохон зарчим дээр нэгдсэн ойлголтод хүрмээр байна. Төр засаг ард иргэдийн, улс орныхоо хөгжлийн түүчээ болох ёстой болохоос биш хөгжил дэвшлийн чөдөр тушаа болмооргүй байна. Өнөөдрийн Засаг төрийг харахад энэ асуудлыг ойлгоод урагшлуулаад өгнө гэсэн итгэл надад лав алга. 

167 орон гишүүнчлэлтэй Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг нь дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний технологи, үйлдвэрлэл, салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний салбар руу татахад чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Уг байгууллага шинэ дэлхий, эрчим хүчний трансформаци буюу шилжилт, геополитик гэсэн томоохон судалгаа хийгээд байна.