Францын нийслэл Парис хотноо болж буй ФАТФ-ын хурлаар дөнгөж сая Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөл гэж байдаг. Харамсалтай ХЗДХ-ийн сайд маань ФАТФ-аас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэх талаар бодитой ажил огт хийгээгүй нь ийнхүү сөргөөр нөлөөлсөн гэлээ. 

Өнгөрсөн наймдугаар сард Ази, Номхон далайн бүсийн хурлаар Монгол Улсын Үндэсний зөвлөл тайлан тавьсан. Эхний байдлаар нааштай байсан ийнхүү энэ сарын эцсийн үнэлгээгээр "Саарал жагсаалт"-д багтсан гэв.

FAFT буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага  нь Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх (МУТСТ) ажил нь хангалтгүй гэж үзсэн тогтолцоотой улсуудыг зарладаг билээ.

"Саарал жагсаалт"-д орсноор нэн тэргүүнд харилцагч улсууд санхүүгийн системийн үйл ажиллагаанд тавих хяналтаа өндөрсгөнө. Энэ нь гадаадаас, эсвэл дотоодоос гадагш хийх гүйлгээнүүд дээр тавих хяналт нэмэгдэж, нэмэлт мэдээллүүд шаардаж, илүү чанга болно гэсэн үг юм. Мөн  "Саарал жагсаалт"-д орно гэдэг нь тэр улс дотооддоо мөнгө угаахтай тэмцэхгүй байгаагийн дохио.

Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр “саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан болсон хэмээн таамаглаж байна.

Учир нь ОУВС-аас арилжааны банкуудын өөрийн хөрөнгө бага байна гэж үзээд 700 тэрбум төгрөгөөр нэмсэн. Үүнээс 200 тэрбумын эх үүсвэр тодорхой боловч үлдсэн 500 тэрбумынх тодорхой бус. Энэ нь өөрөө манай улсыг саарал жагсаалт руу оруулах гол нөхцөл болжээ.

2013 онд Монгол Улс "саарал жагсаалт"-д ороод, 2014 онд гарсан түүх бий аж.

Сарын өмнө Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн "Бид ФАТФ-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Монгол Улс саарал жагсаалтад орохгүй байх, эрчимтэй хяналтаас гарахын төлөө хичээн ажилласан ажлынхаа үр дүнд эерэг хүлээлттэй байна" хэмээн ярьж байсан ч ийнхүү талаар болов.