Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт"-аас гарсан тухай Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргаж байгаагаа Улаанбаатарын цагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны 22.10 цагт албан ёсоор зарлалаа. 

Хуралдаанаар манай улсыг маш богино хугацаанд буюу зургаахан сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг онцлон сайшаасан байна.

ФАТФ-аас 4 Шууд хэрэгжилтийн хүрээнд 6 үүрэг даалгавар өгсний 3 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд хамааралтай тул Хороо өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл буюу ердөө зургаан сарын дотор шуурхай ажиллаж, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсний зэрэгцээ ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай давж стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Монгол Улс дэлхийн хэмжээнд тархаад буй цар тахлын үед сайн ажиллахын зэрэгцээ бусад оронд жишиг болохуйц зохион байгуулсныг онцолж байсан.

Санхүүгийн зохицуулах хороо ФАТФ-аас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хороотой тасралтгүй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулсан санхүүгийн болон санхүүгийн бус зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдүүддээ Санхүүгийн зохицуулах хороо талархлаа илэрхийлж байна.