Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс өнөөдөр дахин хуралдаж, иргэдийн улс хооронд болон орон нутагт зорчих хөдөлгөөнтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол руу зорчих гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүсийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 29-ныг хүртэл түр зогсооно.

Олон улсын Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэл болон орон нутаг руу зорчих бүх галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоолоо. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 10-нд Улаанбаатараас хөдлөх Улаанбаатар-Эрхүү чиглэлийн ОХУ-ын 306 дугаар галт тэргийг буцааж гаргана.

Монгол Улс болон ОХУ, БНТУ, БНКУ хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг энэ сарын 13-ны өглөөний 06.30 цагаас гуравдугаар сарын 28-ныг дуустал түр зогсоохоор шийдвэрлэлээ. 

БНСУ, Япон улсад байгаа яаралтай ирэх шаардлагатай зөвхөн Монгол Улсын иргэдийг Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яаманд танилцуулаад МИАТ-ын тусгай онгоцоор очиж авна. Эхний ээлжид өндөр настан, нялх хүүхэдтэй, эмчилгээнд явсан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авчирна " хэмээн мэдээллээ.


Улсын онцгой комиссын өнөө өглөөний 06.00 цагийн хуралдаанаар Улаанбаатар болон аймгууд руу орох, гарах галт тэрэг, онгоц, нийтийн тээврийн хэрэгсэл, хувийн автомашинаар зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 16-ныг хүртэл зогсоосон юм.