Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хороо өчигдөр цахимаар хуралдав. 

Талууд газрын тосны боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх асуудлаар санал солилцож, Тавантолгойн ордын нүүрсний дээжийг Энэтхэгт илгээх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар хоёр тал тохиролцлоо.

Мэдээллийн технологийн чиглэлээр Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулж, боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэгийн талаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Энэ онд тохиож буй манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн айлчлалуудыг 2021 онд зохион байгуулахаар ярилцаж, ойд зориулан Монгол шуудан компаниас гаргасан шуудангийн маркийг зарлав.

Түүнчлэн Монгол Улс  Шинэ Дели хотноо төвтэй Олон улсын Нарны холбоонд гишүүнээр элсэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, БНЭУ-ын ГХ-ийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива нар оролцов.