Засгийн газрын шийдвэрээр Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг маргаашаас буюу  2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаана.

Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгооор хааж буй бөгөөд хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, цар тахлын хоёр дахь давалгааны улмаас олон орон хөл хориогоо чангатган, хилээ хаах, онц байдал тогтоох хүртэл арга хэмжээ авч буйтай холбоотой юм. 

Ялангуяа сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа жолооч нараас халдвар илэрч байгаа нь байдлыг улам эрсдэлтэй болгож байна. Манай улсад ачаа тээврийн нийт 30 жолоочоос коронавирус илэрсэн бөгөөд хамгийн сүүлд энэ арын 29-нд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр жолоочоос илэрсэн байна. 

Цагааннуур, Боршоо боомтоор голчлон нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа баруун аймгуудын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг аж. 

Дашрамд дурдахад, "Ковид-19" цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн.