ВАШИНГТОН. /NHK/. АНУ болон Япон улсын төлөөлөгчидтэй хийж буй хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриална гэж Монгол Улсын Гадаад хэргийн /ГХ/ сайд Д.Цогтбаатар мэдэгджээ.

АНУ-д айлчилж буй Д.Цогтбаатар өнгөрсөн бямба гарагт “NHK” сувгийн төлөөлөгчтэй утсаар ярьсан аж. Тэрбээр Улаанбаатар-Пёньян найрсаг харилцаатайг онцлоод, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийг ойг тохиолдуулан Монголын төлөөлөгчид БНАСАУ-д айлчлах гэж байгаа талаар мэдээлсэн байна. 

АНУ-БНАСАУ-ын удирдагчдын Ханой хотноо болсон хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар ГХ-ийн сайдаас асуухад тэрбээр, уг уулзалтыг ахиц дэвшлийн нэгээхэн хэсэг хэмээгээд, урам хугарахгүй байхыг ажиглагчдад уриалжээ. Мөн тэрбээр, Монгол Улс цаашид дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн санал болгож, хэлэлцээг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулна гэж хэлжээ.

БНАСАУ тактикийн шинэ зэвсэг туршсан талаар тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Д.Цогтбаатар уг явдлыг өдөөн хатгасан үйлдэл хэмээн тэмдэглээд, одоогийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж хэлсэн байна.

ГХ-ийн сайд мөн БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлын талаар хэлэхдээ, манай улс Япон-БНАСАУ-ын хэлэлцээг дэмжсээр ирсэн хэмээгээд, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг