Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг 2016 онд анх хэрэгжүүлсэн. Энэ үнэлгээг шинэчлэхтэй холбогдуулж үнэлгээг хийж, тайлагнах ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан. 

Үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар нийт 10 модуль буюу салбар, чиглэлийн хүрээнд хийсэн ба Санхүүгийн зохицуулах хороо өөрийн зохицуулалттай зургаан салбарын модулийн үнэлгээг нийт 82 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хийж ажиллалаа. Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсэгт мэргэжлийн холбоод, зохицуулалттай салбаруудын төлөөллийг хамруулж холбогдох дата, статистик, тоо мэдээг олон төрлийн эх үүсвэрээс цуглуулж, баталгаажуулж ажилласнаараа онцлогтой.

Үндэсний эрсдэлийн үнэлгээний хэлэлцүүлгийг төрийн байгууллагуудаас гадна салбарын төлөөлөл болох 120 гаруй оролцогч Хорооны зохицуулалттай салбарууд болох модуль 4 /үнэт цаасны салбар/, модуль 5 /даатгалын салбар/, модуль 6А /банк бус санхүүгийн байгууллагын салбар/, модуль 6Б /хадгаламж, зээлийн хоршоодын салбар/, модуль 7 /үл хөдлөх эд хөрөнгийн салбар/, модуль 7 /үнэт метал, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбар/, модуль 9 /санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүн/-ийн хүрээнд хэлэлцүүллээ. 

Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг үнэлгээнд тусгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа үнэлгээний тайланд Дэлхийн банкны саналыг авснаар салбаруудын эрсдэлийн үр дүнг эцэслэж Хорооноос зохицуулалттай салбарын оролцогчдод хүргүүлж ажиллана.

Монгол Улс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гарсан ч үр дүнтэй тогтолцоог хэвээр хадгалж үлдэх, олон улсын стандартыг үргэлжлүүлэхэд энэ удаагийн үндэсний эрсдэлийн үнэлгээ чухал ач холбогдолтой.

Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт тулгарч буй эрсдэлийг тодорхойлж, илэрсэн эрсдэлийг бууруулах чиглэлээр стратеги боловсруулах нь ФАТФ-ын дараагийн буюу 2023 онд хийгдэх үнэлгээнд бэлтгэх ажлын нэг хэсэг болох юм.