ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг цэргийн олон төрөлт “Цэргийн наадам-2018” энэ сарын 28-ны өдрөөс ирэх сарын 11-нийг хүртэл явагдах гэж байна.

“Танкийн биатлон” тэмцээнд нийт 23 орны танкчидтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдах юм. Манай улсаас энэ удаа оролцох багийн ахлагч, шүүгчээр ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх томилогдоод байна.

“Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын Батлан хамгаалахын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн газрын дарга, хошууч генерал Р.А.Бинюков томилогджээ. Монгол Улсын зэвсэгт хүчнээс тэмцээний олон улсын шүүгчээр Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Наран-Очир томилогдсон юм.Тэмцээнд оролцож буй орнуудын танкийг ОХУ-ын Зэвсэгт хүчин бэлтгэсэн байдаг бөгөөд Т-72 Б3 загварын танкаар уралдах ажээ.