БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн доктор (Sc.D), профессор, монгол судлаач Ван Мандуга ШУА-ийн гадаад гишүүнээр энэ жил сонгогдсон билээ. Тэрбээр ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн урилгаар Монголд судалгааны ажлаар ирээд байгаа юм байна. Ван Мандугаг өнөөдөр ШУА-ийн удирдлагууд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн харьяанд “Монголын орчин үеийн уран зохиол судлалын төв” байгуулах асуудлаар мөн тус сургуульд суралцдаг монгол оюутнууд, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Профессор Ван Мандуга нь 30 гаруй  жил Монгол утга зохиол судлалаар дагнан мэргэшин судалж, гадаад дотоодын их дээд сургуулийн оюутан, аспирант докторантуудад нарийн мэргэжлийн хичээлийг тасралтгүй зааж, судалгааны ажлыг нь удирдаж, олон тооны аспирант, докторантыг бэлтгэн төгсгөсөн юм. Мөн тэрбээр эрдэм судлалын ажлын агуулга, ач холбогдлыг нэгдүгээрт, Монгол улсын орчин үеийн уран зохиолын судалгаанд, хоёрдугаарт, манай 2 улсын академик байгууллагуудын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр  нэмэр оруулжээ. 

Профессор Ван Мандуга нь МУИС, УБИС, СУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуулийн зочин профессор цол зэргийг хүртсэн, олон улсад нэртэй монгол судлаач юм байна.

Тэрээр Монголын орчин үеийн уран зохиол, Монгол утга зохиолын онол зэрэг чиглэлээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд монгол, хятад, япон, орос, англи хэлээр 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт зохиол, сурах бичиг, хамтын бүтээл 49 ботийг хэвлүүлсний 27 ном, товхимол нь Монголын орчин үеийн уран зохиолын судлалын бүтээл эзэлж байна.

Тэрээр Монголын уран зохиолыг системтэй, иж бүрэн, цогц байдлаар нь судалж, Монголын уран зохиолыг гадаад улсад сурталчлан таниулах эрдэм судлалын ажлынхаа зэрэгцээгээр  гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутан, аспирант, докторантаар суралцагсдад монгол судлалын нарийн мэргэжлийн хичээл заадаг томоохон сурган хүмүүжүүлэгч хүн юм.

Монголын уран зохиолыг судлах бүхэл бүтэн дэг сургуулийг шинээр бий болгон Монгол судлалыг олон улсын хэмжээнд хөгжүүлсэн нь  түүнийг Монгол Улсын ШУА-ийн гадаад гишүүнээр нэр дэвшүүлэх үндэслэл болжээ.