Ирландын нийслэл Дублин хотын Grafton коллеж хэмээх англи хэлний хэлний сургууль энэ даваа гарагт хаагджээ. 

Учир нь тус коллеж цалингаа тавьж чадахгүйд хүрсэн гэнэ. Ийнхүү хаалга барихдаа тулсан тус сургуулийн удирдлагууд монгол оюутнуудаас төлбөрийн мөнгөө урьдчилж авсан ч дур мэдэн зарцуулчихсан талаар https://www.rte.ie сайтад мэдээлсэн байна.

Манай улсаас 30 оюутан дээрх коллежэд суралцахаар төлбөрөө шууд Grafton коллеж руу төлсөн гэнэ. Эдгээр оюутнуудаас 10 оюутан ирэх оны 1 дүгээр сард эхлэх сургалтын төлбөртөө 5300 евро урьдчилан төлжээ. Гэвч 7 нь визээ авч чадалгүй хар тамга даруулсан гэнэ.

Grafton коллежийн захирал Сайд Рахман энэ талаар ярихдаа "Бид санхүүгийн хүнд байдалд орсон учраас тэдгээр оюутнуудын бүх мөнгийг үрчихсэн" гэснийг сайтад дурьджээ. Тэрбээр сарын өмнө манай улсад хүрэлцэн ирж оюутан элсүүлсэн байна. Одоогоор тус коллеж 22 монгол оюутан элсэн Ирландад очоод байгаа аж.

Компанийн санхүү хүндрэлтэй байхад яагаад мэдсээр байж оюутан элсүүлсэн талаар түүнээс асуухад тэрээр "Компани хүнд байхад орлого олохыг  оролдоно биз дээ" гэж хариулжээ.

Хувийн хэлний коллежүүдийг төлөөлдөг Marketing English in Ireland (MEI) байгууллагын захирал David O'Grady оюутны төлбөрийг урьдчилан аваад шамшигдуулсан мэдээг сонсоод балмагдсанаа илэрхийлээд "Энэ бол ичгүүртэй явдал" гээд энэ асуудлыг хууль хяналтыг байгууллагаар шалгуулах хэрэгтэй, иймэрхүү хүмүүс боловрсолын салбарт ажиллах ёсгүй гэсэн байна.

Дөрвөн жилийн өмнө Дублинд бас нэгэн хувийн хэлний курс болох Shelbourne College дээрхийн адилаар Балба болон бусад  орнуудын оюутнуудын 500,000 еврогийн өрөнд унаж гэнэт хаалгаа барьж байсан юм.

Уг асуудлыг анх дэлгэж мэдээлсэн хүн бол тус коллежийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан өөрсдөө юм. Түнш нь нэг л биш байгааг гадарласан тэд уг асуудлыг лавласнаар асуудал лавширч үлдсэн 30-аад оюутны төлбөрийг төлөхөөс нь өмнө тэдэнд мэдэгдсэн байна. Тэдний хувьд "Ирландад суралцах мөнгө олохын тулд зарим оюутнууд гэрээс зээл авч, борлуулсан. Тиймээс санаа зовж байна" гэжээ. 


Бид энэ асуудлыг түрүүлж Ирландын талд мэдэгдсэн

Энэ талаар тус коллежийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Ууганбаяраас тодруулахад тэд энэ асуудлыг гадарлаж, үлдсэн 30-аад оюутнуудыг төлбөрөө төлөхөөс нь өмнө болиулсан гэв. Мөн тэрбээр  "10 сарын 20-нд тус коллежийн төлөөлөгч ирж 50-иад оюутныг бүртгээд явсан. Виз гарахгүй байхаар нь лавлатал ийм асуудал үүсчихсэн байсан. Ийм учраас бид Ирландын талд энэ талаар мэдэгдсэн. Үүний дагуу энэ асуудал шуугиан дэгдээгээд байгаа. 10 оюутан төлбөрөө төлсөн нь үнэн. Гэхдээ тухайн сургуулийн төлбөрийг бид авч шамшигдуулсан зүйл байхгүй. Учир нь төлбөр шууд тухайн сургуулийн данс руу нь шилжүүлдэг. Үүнийг оюутнууд ч мэдэж байгаа.Бид тэрхүү 10 оюутнаа хохироохгүйн тулд хөөцөлдөж нааштай талаас нь шийдэхээр хичээж байгаа" гэв.