НИТХ-ын ээлжит XXX хуралдаан боллоо. Хуралдаанд Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ заагийг тогтоосон. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 551 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хил заагийг тогтоосон байдаг.

Тэгвэл газрын хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах шаардлага гарсан аж. Учир нь “Монгол наадам цогцолбор”-ын оффис болон усан хангамж, ариутгах газар барьж байгуулахад 12 га газрыг нэмж тусгай хэрэгцээнд авах шаардлага гарсан байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн газар олголтоос шалтгаалж давхцал үүсэх асуудал их гарчээ. Тиймээс давхцлыг арилгах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гарч ажиллан, иргэдтэй зөвшилцөж, давхцлыг арилгаж ажилласан байна.

Ийнхүү “Монгол наадам цогцолбор”-ын 551 га газар дээр нэмэгдүүлэх болох давхцлыг арилгаж, Төв аймгийн Аргалант сумтай хиллэх нийт 565 га газрын цэсийг шинэчлэн тогтоохоор танилцуулав.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс