Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төслийн нээлт өчигдөр боллоо.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан "Туркийн найрсаг ард түмний төлөөлөл болсон ТИКА-аас 1994 оноос өнөөг хүртэл манай улсад 45 орчим сая ам.долларын 668 төслийг хэрэгжүүлсэн байна. 2018 онд нийт 61 төслийг 2,5 сая ам.доллараар хэрэгжүүлсэн бол энэ онд 51 орчим төслийг 3 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Олон төсөл хөтөлбөрийн нэг нь энэхүү журамласан толь бичиг юм. 

2015 онд УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичгийг гаргах үүргийг холбогдох байгууллагууд хүлээсэн. Энэхүү толь бичгийг гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн, судлаачдад болон ТИКА-ийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээн онцлон хэлэв.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп “Аливаа улс үндэстнийг хэл, соёлын онцлог нь илтгэдэг. Хэл гэдэг тухайн нийгмийн бий болгодог гэж үздэг судлаачид цөөнгүй бий. Монгол хэлийг ирээдүй үр хойчдоо зөвөөр өвлүүлэн үлдээх, төрийн байгууллагууд журамласан толиор дамжуулан эх хэлнийхээ хэрэглээг нэг мөр ойлгож, хэрэглэдэг болоход энэ төсөл зорилго оршиж байна” гээд соёлын найрамдалт харилцааны томоохон илрэл болохуйц чухал төслийг санаачлан хамтран хэрэгжүүлсэнд хоёр улсын парламентын гишүүд, ТИКА-ийн хамт олон, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн судлаачдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Зургийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс

Зургийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс

Зургийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төслийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл болон яам, агентлаг зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийнхөн оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.